Дэлхийд нэн ховордоод буй мазаалай хамгаалах ажилд бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилготой \”Мазаалай цом-2017” тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.Тодруулбал, Монголын бартаат замын авто спортын холбооны цомын аварга шалгаруулах \”Мазаалай цом-2017” бартаат замын тэмцээн 2017 оны зургадугаар сарын 3, 4-ны 09:00 цагт Морингийн даваанд зохион байгуулагдах юм.
Тус тэмцээн:
• Сонирхогчийн ангилал буюу ТR1
• Мэргэжлийн ангилал буюу ТR3
• Truck ангилал буюу том оврын автомашин 4×4, 6×6
• UTV ангилал гэсэн дөрвөн ангиллаар зохиогдоно.
Тэмцээний эхний өдөр сонирхогчийн ангилал болон utv ангилал, тэмцээний хоёр дахь өдөр мэргэжлийн ангилал болон \”Truck” ангилал уралдах юм. Хамтран зохион байгуулагчаар \”Зөв Монгол Ирээдүй” ТББ, Цагдаагийн ерөнхий газар тус тус ажиллаж байна.
Өнгөрсөн жил \”Мазаалай 2016” тэмцээний дараа зохион байгуулагчид гурван машин засварлаж хүлээлгэж өгөхийн зэрэгцээ Говийн их дархан цаазат газарт 100 гаруй тэмдэг тэмдэглэгээг хийсэн байна. Тодруулбал, говь нутагт сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлт, ган гачигаас болж ургамлын гарц муудаж мазаалай баавгай тарга тэвээрэг авч амжихгүй байх, хавар ичээнээсээ эрт гарах, хоолгүйн улмаас үхэж үрэгддэг байна. Иймд 1985 оноос мазаалай баавгай амьдардаг газруудад тэжээлийн цэгүүд бий болгон хорголжин тэжээл,ус, мах тавьж өгөх болжээ. Одоогийн байдлаар 13 цэг дээр тэжээл тавьж өгдөг. \”Говийн их дархан цаазат газар”-т уаз 469 , Landcruiser 77, Фургон маркийн авто машинуудыг тэжээл зөөх, хамгаалах ажилд зориулан өгсөн. Үүнээс гурван автомашин үлдсэн бөгөөд эдгээр автомашинууд нь үүрэг гүйцэтгэх боломжгүй эвдрэлтэй зогсож байсныг засварлаж өгсөн байна. Мөн Говийн их дархан цаазат газарт 100 гаруй тэмдэг тэмдэглэгээг хийжээ.
Энэ жилийн \”Мазаалай 2017” тэмцээний дараа зохион байгуулагчид мазаалай хамгаалах үйлсэд зориулсан ажлууд хийх бөгөөд цаашид үүнийгээ уламжлал болгох төлөвлөгөөтэй байгаа гэлээ.
Б.ГЭРЭЛ