Наран ургах зүгээс сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Хэнтий аймаг дахь сонгуулийн кампанит ажлаа эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудтай хийх уулзалтаар эхлүүллээ. Энэ үеэр эмч багшийг шүтсэн, дээдэлсэн нийгмийг бий болгохоор мөрийн хөтөлбөртөө тусгасан болохоо дуулгасан юм. Эрүүл саруул, эрдэм мэдлэгтэй монгол хүн эх орноо хөгжүүлэх учраас эмч багшийн цалин хангамж, хөдөлмөрийн үнэлгээг сайжруулах, эрүүл мэнд боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна гэдгээ ч тодотгосон.
Эрүүл мэндийн салбарынхантай уулзсаны дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Хэнтий аймгийн Эвт худалдааны төвөөр орж жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Үүний дараа аймгийн Спорт цогцолборт хүрэлцэн ирж иргэд сонгогчидтой уулзсан юм. Хэнтийчүүд хийтэй, хэлдэг Ерөнхийлөгчтэй байж үзсэн. Одоо харин хийдэг, хэрэгжүүлдэг, эв нэгдлийг эрхэмлэдэг Ерөнхийлөгчтэй болох цаг ирж байна гэв. Тэд эдийн засаг цаашаа биш наашаа харж эхэлж буй энд үед Монгол Ардын Намд бүрэн итгэл хүлээлгэхэд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль чухал үүрэгтэйг онцолж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд \”Монголчууд хэзээнээс нааш наран ургах зүгт санасан хүсэл, ерөөл билгээ шившин залбирдаг ард түмэн. Тиймээс их эзэн Богд Чингис хааны өлгий нутаг, улс Монголдоо нэр алдартай олон сайхан хүний мэндэлсэн Хэнтий нутгийн сонгогч түмэнтэйгээ уулзаж байгаадаа бэлгэшээж байна” гэсэн юм. Тэрбээр монголчууд нэг зүгт, нэг чигт, нэгдмэл бодлого, нэг байр суурьтай байж хөгжинө гэдгийг мөн онцолсон. Тиймээс мөрийн хөтөлбөртөө иргэдээ хуримтлалтай болгож, эдийн засгаа гацаанаас гаргах, хагаралдаж талцах биш эвлэж бүтээх, хариуцлагатай байж ээлтэй төрийг цогцлоох бодлого дэвшүүлж байгаагаа дуулгаад МАН уналтыг аргамжиж чадсан, одоо энэ аргамжаа улам бөхлөх ёстой гэсэн юм. Сүүлийн таван жилийн хугацаанд биелээгүй төсвийн орлого давж биелсэн, валютын ханш тогтворжиж буурсан, өнгөрсөн онд ердөө нэг хувьд хүрч зогссон эдийн засгийн өсөлт дөрвөн хувь давсан өсөлттэй байгаа гээд нааштай үр дүнгүүд гарч байгаа таатай мэдээг дуулгаад энэ бүхнийг бататгахад төрийн тэргүүнээ сонгох иргэдийн сонголт чухал үүрэгтэйг ч мөн санууллаа.
Монгол хүний өргөө гэр болсон улс гэр маань төлөв түвшин байж, элбэг дэлбэг, эвтэй найртай байхын төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг Ерөнхийлөгчөөр сонгоно гэдгээ Хан Хэнтийчүүд санал нэгтэй илэрхийлж, түүний сонгуулийн ажилд их амжилтыг хүсэж, ижий нар аяных нь дөрөөнд сүү өргөлөө.
МАН-ын сонгуулийн төв штаб