Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг албан ёсоор эхлүүлэв. Ингэснээр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж буй гурван нэр дэвшигч өчигдрийн морин цагт гарааны зурхайгаас бариа руу хөдөллөө. Гараа сайн бол бариа сайн гэлцдэг. Тодотговол, монголчууд аливаа зүйлийн эхлэлээр цаашдынх нь байдлыг дүгнэдэг. Тиймдээ ч олон нийт гурван нэр дэвшигчийн сурталчилгааны нээлтэд аль хэдийнэ үнэлэлт өгч, сонгуулийн өнгийг тодорхойлж буй. Өнө эртний түүхтэй, улс төрийн ууган хүчин болох Монгол Ардын Намын нэр дэвшигч Миеэгомбын Энхболд намынхаа төв байранд сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийж, улмаар наран мандах зүгээс үргэлжлүүлэхээр Дорнод аймаг руу хүлгийн жолоо залсан. Түүний нээлтийн үйл ажиллагааг товчхон дүгнэвэл эвтэй бөгөөд хүчтэй байв. Ийн дүгнэхээс ч өөр аргагүй.
Харин өрсөлдөгч намуудын сонгуулийн сурталчилгааны нээлтийн өнгө бүдэг, дэмжигчдийн уухайн түрлэг сул байх нь тэр. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга сонгуулийн сурталчилгааны нээлтээ Хэнтий аймагт зохион байгуулав. Гэтэл намынх нь даргаас бусад журмын нөхөд нь очоогүйг харахад эвтэй, хүчтэй нам гэж тодорхойлоход оновчгүй хэрэг. Яг л уяачийн шагналыг бөхөд олгож байгаа мэт. Түүний олонд хандаж хэлсэн үг цаанаа аль нэгэн нам, хэн нэгэн эрхэмд гоморхсон, өнгөрснийг сөхсөн, ард түмнийг хагаралдуулах утга агуулж байлаа. Тухайлбал, \”Ард түмэндээ сонгуулиар өгсөн сайн сайхан амлалтаасаа сонгогдсоныхоо маргааш л гэнэтхэн ухарч, амлалтынхаа эсрэг зүйлсийг хуульчилж, улс орныхоо эдийн засгийг харийнхны мэдэлд шилжүүлж байна гэдэг бол энэ төр улсаа боддоггүй, шударга ёсыг завхруулж байгаагийн шинж” гэсэн нь эр хүний уужуу ухаанаас унах үг яав ч биш байлтай. УИХ-ын сонгууль болоод хэдий хугацаа өнгөрөв, хэний, аль намын хийсэн алдаатай бодлогыг засч залруулахын төлөө өнөөгийн эрх баригчид ажиллаж байгаа билээ гэх зэргээр яривал олон асуудал ар араасаа хөвөрч, эргээд өөрийнх нь болон түүний журмын нөхдийн толгой дээр буухыг мэдэхгүй баймааргүйсэн.
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар сонгуулийн сурталчилгааны нээлтээ Д.Сүхбаатарын талбайд хийсэн бөгөөд тэр үеэр \”МАНАН төрийн жолоог атгах ёсгүй” хэмээн ард түмний сонголтыг үгүйсгэж сууна. Тэрбээр \”Өнөөдөр тэдний сурталчилгааг харлаа. Авлигачдын цуглаан байлаа” гэж жишим ч үгүй хэлэв.
Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн өнгө нэг иймэрхүү байлаа. Өмнөх хугацаанд олон нийт Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдэгт үнэлэлт өгсөн бол одоо Ерөнхийлөгчөөр сонгочихвол хэн нь юу хийж хэрэгжүүлэх вэ гэж дүгнэлт хийх цаг үе ирж байна. Эх орны дөрвөн зүг найман зовхист ажиллаж, амьдарч суугаа ард түмэндээ тэд мөрийн хөтөлбөрөө танилцуулах учиртай. Түүнээс биш хэн нэгнийг муу муухай үгээр хэлж, харлуулах нь чухал биш. Зөөлөн нь хатуугаа дийлж, зөв нь буруугаа давдаг орчлон тул Монгол Улсынхаа төрийн тэргүүнд нэр дэвшигчдийн хэлж буй үг, хийж байгаа үйлдэл, хэтийн зорилгынх нь агуулгыг ухаж байж мэргэн сонголт хийхийг уриалж байна.
\”Монголын Үнэн” сонин