\”Дурлаж үзээгүй хүн байвал гараа өргөнө үү?” гэж \”Дурлах санал” киноны нээлтийн арга хэмжээнд уригдагсадаас тус киноны ерөнхий продюсер Болдбаатарын хүссэн хүсэлтэнд гараа өргөсөн ганц хоёр залуусыг эс тооцвол бараг бүгд чимээгүй байлаа. Тэгэхлээр хүн бүр дурлаж үзсэн гэсэн үг. Бас дээр нь охид хөвгүүд бүр өсвөр насыг туулахдаа үеэрхэл нөхөрлөл, анхны хайрыг туулсан байдаг биз.
Цаг хугацаа хэрхэн өөрчлөгдөх, хөгжил дэвшил хэрхэн урагшлахаас үл хамааран өсвөр үеийнхэний дунд үеэрхэл нөхөрлөл, хайр сэтгэлийн гэрэл гялбаа мөнхөд бадамласаар байх болно. Хайр байгаа газар түүнийг сүүдэр мэт дагадаг атаархал, хардалт, тунирхал, үзэн ядалт мөн л байдаг нь хорвоогийн жам.
Өсвөр үеийнхэний амьдралд тохиолддог энэ бүхнийг эцэг эхчүүд бид тэр бүр анзаардаггүй, анзаарсан ч ойлгодоггүй. Үр хүүхдээ сайн хүн болоосой, ирээдүй нь гэрэл гэгээтэй байгаасай гэж хүсэхдээ эцэг эхчүүд бид өөрсдөө ч анзаарахгүйгээр тэдний амьдралд, хайр сэтгэлд нь толбо үлдээчихдэг тал бий.
Сургуулийн амьдрал, гэр бүлийнхээ төлөөх тэмцэл, үр хүүхдийнхээ төлөө гэсэн эцэг эхийн оролцоо, өсвөр үеийнхэний үерхэл нөхөрлөл, хайр сэтгэл, тунирхал зэрэг сэтгэл догдлуулсан мөчүүдийг нэгэн дор илэрхийлсэн \”ДУРЛАХ САНАЛ” Монголын уран сайхны шинэ кино 2017 оы 06 сарын 09-ны өдөр Шангрила зочид буудлын IMAX \”Өргөө” кино театрт нээлтээ хийж, Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудын дэлгэцнээр гарч эхэллээ.
\”Дурлах санал” уран сайхны шинэ кино нь \”National Film Production”-ийн бүтээл бөгөөд Ерөнхий найруулагчаар Д.Ханьсаг, продюсераар Б.Мөнхдэлгэр, Ерөнхий зураглаачаар С.Баяртогтох, зураачаар Ч.Ганзориг нар ажиллажээ. Гол дүрүүдэд шинэ залуу жүжигчид Б.Ангараг, Э.Энэрэл, Б.Энхсайхан, Б.Балжинням, Г.Маргад-Эрдэнэ, Т.Болормаа нар тогложээ.
Өсвөр насны охид хөвгүүдтэй эцэг эхчүүд, ахлах ангийг сурагчид, үерхэл нөхөрлөлдөө үнэнч яваа залуус, анхны хайртайгаа учирсан хосууд та бүхэн \”Дурлах санал” уран сайхны шинэ киног зорьж очин заавал үзээрэй. Таны зүрх сэтгэлд гэрэл нэмж, хайр дурлалд тань урам өгөх болно.