1983 оноос эхлэн залуу дуучдыг тодруулах зорилготойгоор \”Cardiff Singer of the World” олон улсын дуурь дуулаачдын уралдааныг зохиож иржээ. Энэхүү уралдаанд 18-32 насны дуурийн дуулаачид оролцдог бөгөөд тэд жилийн өмнөөс шалгаруулалтад оролцдог байна. Их британи, Умард ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо хоёр жил тутамд зохион байгуулагддаг \”BBC Cardiff Singer of the World\” уралдаанд Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар Дууны төрөлд (Song Prize) тэргүүн байрыг эзэллээ. Финалд нийт гурван дуу дараалан дуулснаас хамгийн сүүлд нь Чингис хаан одонт, МУУГЗ, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, МУУГЗ З.Түмэнжаргалын шүлэг \”Монголын тал нутаг\” дууг дууллаа.
Дэлхийн сонгодог урлагийн том уралдааны финалын шатанд Монгол дуу дуулагдсан анхны тохиолдол болов уу. Тус уралдааны зөвлөх (vocal expert) Mary King нулимс дуслуулан, дуучны авьяас чадварыг шагшин магтав. Монгол сонгодогийг дэлхийн тайзнаа хүлээн зөвшөөрүүлж чадсан МУГЖ Г.Ариунбаатараар бахархахгүй байхын аргагүй.