Нарших буюу наранд цохиулах гэдэг нь энгийнээр тайлбарлавал хэт халуун хурц нартай өдөр гадаа удаан байх, нарны шууд гэрлэнд толгой болон их биеэрээ байснаас нарны хэт ягаан туяаны хор биенд нөлөөлөх ба хүний биеийн энгийн температур нь нарны хэт халуун температурт харилцан цохилцож биеийн температур энгийн үеэсээ огцом дээшилснээр доорх сөрөг дагавар гарна.
Энэ үед ам цангаж хэл ам хуурайших, хөлрөх, арьс хуурайших, толгой өвдөх, дотор муухайрах, ухаан алдах, гэдэс гүйлгэх, шингэх алдах цаашлаад зүрх судасны эмгэгтэй хүмүүст хүндээр нөлөөлөх, даралт ихсэх гэх зэрэг сөрөг муу нөлөөтэй тул наршихаас сэргийлэх болон наршсан тохиолдолд хурдан арга хэмжээ авах хэрэгтэй. Наршилт нь хүний нас, биеийн онцлог хамаарахгүй бөгөөд балчир хүүхдүүдээс эхлээд өндөр настангуудад хүртэл нөлөөлөх тул ойр дотны бүх хүмүүсээ зуны халуун нарнаас хамгаалаарай.
Наршихаас сэргийлэх арга хэмжээ:
– Байнга ус уух
– Хүйтэн бүлээн шүршүүрт орж биеийн температурыг хадгалах
– Халуун, хурц нартай өдөр урт хугацаагаар болон тур хугацаагаар гадуур гарах, аялал зугаалгаар явах гэж байгаа бол нарны малгай, шүхэр заавал авч өмсөж, хэрэглэж явах
– Шууд нарны тусгалаас хол сүүдэртэй газар амарч тухлах
– Биедээ ус заавал авч явах, нарны малгай болон толгой, хүзүү, нуруугаа үе үе усаар норгож чийглэх
– Нарны халхавч, малгай байхгүй тохиолдолд алчуур норгож хэрэглэх, хатсан тохиолдолд дахин норгож хэрэглэх
– Хурц нартай өдөр час халуун цай, хоол идэхгүй байх, хөргөж идэх
– Архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, тохируулан хэрэглэх
– Нарны тусгалтай газарт унтаж болохгүй
– Нарны тос, түрхлэг, нарны шилийг байнга хэрэглэх ингэснээр наранд цохиулахаас гадна наранд түлэгдэх, хэт ягаан тучанд хордохоос сэргийлнэ.
Хүүхэд, хөгшид, идэр залуус гэлтгүй бүх хүн дээрх арга хэмжээг байнга авах хэрэгтэй.
Наршсан тохиолдолд авах арга хэмжээ:
– Наршиж бие нь эвгүйрч, муужирсан хүнийг сүүдэртэй газар оруулан дээшээ харуулан хэвтүүлэх
– Сэнсийг хүйтнээр үлээлгэх, хэт хүйтнээр ширүүн үлээлгэж болохгүй бага багаар дасгаж үлээлгэх
– 2 хөлний доор юм эвж өндөрлөж хэвтүүлэх
– Ус уух – бага хэмжээгээр ойр ойрхон ус уух
– Эмчид үзүүлэх, даралт% зүрх судасны хэвийн үйл ажиллагааг хянуулах
– Нарны шууд тусгалаас холдох
– Наршиснаа мэдэхгүй дур мэдэн эмчийн зааваргүй эм тан ууж болохгүй
Гэрийн нөхцөлд авах үр дүнтэй арга хэмжээ:
– Марла юм уу сальфиткыг сайтар норгоод гэдсэн дээрээ дэлгэж тавина. Ингээд гурилаар жанхуу зуураад норгосон марлан дээр жигд түрхэж нялаад хэсэг хугацаанд хэвтэнэ. Энэ арга нь ардын уламжлалт арга бөгөөд нарны хорыг тэр дор нь тайлдаг юм байна. Халуурч бүлээрсэн үед ч халууныг авч эмчилдэг байна.
– Наршсан хүнийг сэрүүн газарт оруулж хувцсыг тайлж хүйтэн бүлээн шүршүүр, усанд оруулах. Энэ нь биеийн температурыг хэвийн түвшинд нь буулгах арга хэмжээ юм.
– Шүршүүрт оруулах боломжгүй бол хүйтэн ус бага багаар шүршиж цацаж сэрүүцүүлэх
– Шилэн хүзүү, дух, суга, цавьны хэсэгт хүйтэн алчуур норгож жин тавих зэрэг үр дүнтэй арга хэмжээ авч тайвшруулан амраана.
– Энергийн ундаа өгөх
– Биеийн халууныг шалгах, 36С хэмд хүрэх ёстой. Үүнээс дээш халуунтай байвал арга хэмжээг үргэлжлүүлэн авна.
– Дээрх аргууд үр дүнгээ өгөхгүй бол яаралтай эмч, эмнэлгийн байгууллагад хандаарай.