Богдхан ууланд түймэр гарч, залуус чадах ядахаараа л туслалаа. Гэтэл хажуугаар Говийн үйлдвэрийн дээвэр шатав. Энэ үед Улаанбаатарчууд сэтгэл нэг гэдгээ баталж, гал сөнөөгчдөө дэмжиж, говийнхоо бараа бүтээгдэхүүнээс худалдан авалт хийж харагдсан. Гэтэл дайны хажуугаар дажин гэж ганц борооны дуулианаар баруун аймгуудад цахилгаан дамжуулах шугамууд хугарч, тог цахилгаангүй болчихлоо. Эд хоорондоо нэг их хамааралтай асуудал биш л дээ. Гэхдээ олны анхаарлыг бол яалт ч үгүй татаад байгаа юм.
Тэгсэн олны анхаарал татсан асуудал бүрт оролцож, ял тулгаж явдаг нэг хүн ойрдоо харагдахаа байчихсан байна. Би түүнийг юу юугүй гарч ирээд цахилгаан дамжуулах шугамны шонг хугалсан бороо, хүчтэй салхи шуурганд ял тулгаж, бүр цаашлаад цаг агаарт зориудаар нөлөөлөх алба гэж сүрхий байгууллагынхыг шоронд хатаах нь уу гэж бодсон. Мөн Богд ууланд гарсан галыг эзэн хариуцагчтай болгож, хариуцлага тооцох нь дээ. Г.Батбаяр өмгөөлөгч л тэгэж чадна гэж бодож байлаа. Тэгсэн байдаггүй ээ. За энэ байгалийн хүчинд автсан эзэн холбогдогчгүй хэргийг мань өмгөөлөгч сонирхоогүй юм байж.
Тэгвэл захирал нь бэлгийн дарамт үзүүлснээс болж өндрөөс үсэрч амиа хорлосон гэгдэх Сохо мебелийн ажилтан бүсгүйн асуудал олны нийтийн анхаарлыг татаж байхад өмгөөлөгч Г.Батбаяр яагаад харагдсангүй вэ. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын материал задруулсан сургуулийн багшийг яллахад өмгөөлөгч Г.Батбаярын тайлбар л маш чухал байсан юмсан. Гэтэл бас л байсангүй. Уг нь эрхээ хамгаалсан сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эсрэг багш нарыг нь өмгөөлөөд сургуульд амьдардаг хүн шиг л мэдэгдэл хийгээд явдагсан. Гэтэл сургуульд нь амьдарч байгаад ч болов шалгалтын материал яаж тараасныг нь олж мэдчихээр асуудал дэгдээд байхад Г.Батбаяр л алга. Эндээс Г.Батбаяр амрагийн холбоог өмгөөлдөг байж магадгүй гэж санаад УИХ-ын гишүүн Г дуучин Н нарын холбоо олон нийтийн анхааралд байгаа учраас мань хүн гараад ирэх болов уу гэсэн бас л байдаггүй дээ. Ер нь л олон нийтийн өмнө гарч ирэхээс төвөгшөөдөг болчихсон бололтой юм.
Саяхан “шилдэг татвар төлөгч” болоод ганцхан жилийн дотор тэрбумын орлого олсноо олон нийтэд зарлаад, гайхуулаад явсан. Магадгүй өмгөөлөгч Г.Батбаярын өмгөөллийн хөлс нэмэгдэж, аахар шаахар асуудал сонирхохоо больчихсон тэр байх л даа. Тэгээд л мань хүн олны нийтийн анхаарлын төвөөс дөлж, сүүдэр бараадасхийгээд л явдаг болсон юм болов уу. Тэрбумын орлого гэхээр нээрээ л Г.Батбаярт бусад асуудал жулдана биз дээ. Гал түймэр, шугам сүлжээний доголдол, нэг хүүхний явдал, ганц улсын боловсролын системд гарсан алдаа, тэр ч байтугай гранат дэлбэрч цэргүүд үхсэн энэ тэр бол “тэрбумтан өмгөөлөгч”-д ямар жул санагдаж байгаа бол оо. Мэдээж жул санагдсан учраас л тухайн асуудлуудыг анхаарч үзэхгүй байна шүү дээ. Түүнээс үг хэлсэн болгонд ял оноогоод, бусдыг өөрөө ч мэдээгүй байхад нь өмгөөлөл хийж, хэвлэлийн хурал зарлаад явдаг тийм л нийгмийн идэвхтэй хүн байсан юмдаг. Мөнгө ч хүнийг үгүй хийх юм даа. Шилдэг татвар төлөгч болоод л олны өмнө үзэгдэхээ байчихлаа.
Шар хүү