Ард түмэн Х.Баттулгад амлалтыг сануулж эхэллээ. \”Ард түмнийг зээлгүй болгоно\” гэж одоогоор санал хураалтын дүнгээр тэргүүлж яваа Х.Баттулга амласан. Монголчууд бид Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулиар тав дахь Ерөнхийлөгчөө сонголоо. Өнгөрсөн зургадугаар сарын 26-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн анхны санал хураалт явагдсан ч МАН-ын нэр дэвшигч М.Энхболд, АН-ын нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар нарын хэн нь ч сонгогчдын 50-аас дээш хувийн санал авч чадаагүй юм. Иймээс СЕХ-оос дахин санал хураалтын товыг энэ сарын 7-оор тогтоосон.
Анх удаа явагдсан дахин санал хураалтаар нийт бүртгэгдсэн 1.9 сая сонгогчоос 1.2 сая нь буюу 60.41 хувь нь саналаа өгсөн байна. Энэ нь анхан шатны сонгуульд оролцсон иргэдээс ирцийн хувьд бага. Гэхдээ бүх тойрогт ирц бүрдсэн учир Ерөнхийлөгчийн сонгуулийн нэмэлт санал хураалт явуулах шаардлагагүй болсныг СЕХ-ны дарга онцолсон юм.
Сонгуульд саналаа өгсөн 1.2 сая сонгогчоос одоогийн байдлаар 99426 нь буюу 8 орчим хувь нь саналын хуудсаа цагаанаар нь автомат санал тоолох машинд уншуулжээ. Саналын хуудсыг цагаанаар нь уншуулж байсан тохиолдолд энэ жил хамгийн ихээр илэрч байгаа. Энэ ойлголт шинэ биш ч зарим нэгэн улс төрчдийн хүчтэй ухуулга сурталчилгааны үр дүн гээд хэлчихвэл буруудахгүй болов уу?
Нийт 1984 сонгуулийн хэсгийн хороодоос 1982 нь дүнгээ ирүүлсэн, хоёр хэсгийн хорооны санал хүлээгдэж байна. Өнөөдөр өглөөний 06.45 минутад гадаад дах Монголчуудын санал ирснээр энэ санал нэгтгэгдэнэ. Яг одоогоор АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 610451 сонгогч буюу 50.6 хувийн, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 496,765 сонгогч буюу 41.2 хувийн санал аваад байна. Нэг үгээр Х.Баттулга санал хураалтыг тэргүүлж байна. Учир нь үлдсэн хэсгийн хороо болоод гадаад дахь саналын хуудас нэгтгэгдсэн ч санал хураалтын дүнд нэг их өөрчлөлт орохгүй байхаар байгааг ажиглагчид бичиж байна.
Сонгуулийн хэсгийн хороодоос ирүүлсэн урьдчилсан дүнтэй холбогдуулан АН-аас мэдээлэл хийж, нэр дэвшигч Х.Баттулга \”Монгол яллаа. Эв нэгдлийг эрхэмлэж, өртэй Монголоо өргүй болгоно” гэсэн юм. Цахим ертөнцөд \”Монгол яллаа” гэх уриалга доор ялалтын баяраа тэмдэглэгсэд ч чамгүй олон байна. Гэвч цахим орчинд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын банкны зээлийг тэглэх амлалтыг нэхээд эхэлжээ. Тэд \”Зээл төлөх хугацаа 15-нд шүү, бид амралтаа аваад явлаа\” гэх мэтээр Х.Баттулгад амлалтыг нь сануулсаар байна.
Эх сурвалж: olloo.mn