Монгол Улсын 19 газарт түймэртэй байгаа учраас Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч, төр засгийн тэргүүнүүд түймрийн голомтод завгүй ажиллаж байна. Гэвч түймрээс өөр асуудал Монгол Улсад олон бий. Улс төрийн хүрээнд ч шийдэгдэх ёстой олон ажлууд хүлээгдэж байна. Түүний нэг нь шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчид хэн зөвлөх вэ гэсэн асуудал юм.
Манай Ерөнхийлөгч долоон зөвлөхтэй байдаг. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид Гадаад бодлого, Хүний эрх, хуулийн бодлого, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлого, Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, Олон нийтийн харилцааны бодлого, Иргэний оролцоо, эдийн засгийн бодлого зэргийг зөвлөдөг юм.
Одоогоор хэн гэх долоон хүн Х.Баттулга Ерөнхийлөгчид зөвлөх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Гэхдээ зарим нэрс хэвлэлээр бичигдэж эхэллээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл эсвэл БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ц.Сүхбаатар нарын нэгийг томилох болов уу гэсэн мэдээлэл байна.
Зөвлөхүүдийн суудалд мэдээж Ардчилсан намд харьяалалтай хүмүүс очих нь ойлгомжтой. Мөн сонгуулийн сурталчилгааны ажилд идэвх чармайлттай ажилласан хүмүүс ч зөвлөхийн албан тушаалаар шагнагдаж мэдэх юм. Гэхдээ ашиг сонирхлын зөрчилгүй л хүмүүс байгаасай гэж хүсч сууна.