Үндэсний их баяр наадмын үеэр МХЕГ, НМХГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдийг хамруулж, шалгалтыг зохион байгууллаа. 2017 оны 07 дугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд 386 улсын байцаагч албан хаагчид болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, түүхий эд, бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаж буй эсэх, ажиллагсдын эрүүл мэнд, ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтгэлийн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.
Энэ жил нийт 800 нийтийн хоол, худалдаа эрхлэх зөвшөөрөл олгогдлоо. Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтийн хоолны чиглэлээр 400, худалдааны чиглэлээр 100, Хүй долоо худагт нийтийн хоолны 200, худалдааны 100 зөвшөөрөл олгогдсон байна. Өнгөрсөн жилүүдэд иргэд, аж ахуй нэгж байгууллагад нийтийн хоол эрхлэх зөвшөөрөл олгогдож байсан бол энэ жилээс зөвхөн аж ахуй нэгж байгууллагад нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгдөг болсноор иргэдэд эрүүл аюулгүй хоол хүнсээр үйлчлэх нөхцөл баталгааг илүү сайжрууллаа..
Нийт худалдаа үйлчилгээ эрхлэгчид, үйлчилгээний цэгүүдийн гадна талд нэр, хаягаа ил харагдахуйц байрлуулсан, худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл явуулах эрхийн зөвшөөрөлийн мандатаа ил байрлуулах, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан, тогооч нар нь мэргэжлийн үнэмлэхтэй, аж ахуйн нэгжүүд эмблем лого бүхий дүрэмт хувцас, малгайгаар жигдэрч, анонс байршуулсан. Хуушуураар үйлчлэх газрууд нь үйлчлүүлэгчдэд зориулсан сүүдрэвчтэй, сандал ширээ тавьсан, нэг удаагийн хэрэглээний бээлий, зориулалтын чимхүүр, сэрээ, халбага, нойтон болон амны сальфетка хүрэлцэхүйц байрлуулсан, хүнсний бүтээгдэхүүнийг горимын дагуу хадгалах хөргөгч, хөлдөөгчийг байршуулсан, гадна дотроо хогийн савтай байх шаардлага өгч, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа.
Эх сурвалж:МХЕГ