1911 оны 7-р сарын 24-нд Йелийн их сургуулийн түүхч эрдэмтэн Хайрам Бингем Перугийн түүхэн байгууламж Инкийн орхигдсон хот Мачу Пикчуг нээн илрүүлжээ.
Инкуудийн эртний хот Мачу Пикчу нь ойролцоогоор 1440 онд инкуудийн удирдагч Пакачутекийн зарлигаар далайн түвшнээс 2438 метрийн өндөрт байгуулагдсан бөгөөд мянга мянган хүмүүсийн амьд үлдэх, орогнох найдвартай газар болж байсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Хамгийн хачирхалтай нь 1532 онд хотын оршин суугчид үл мэдэгдэх шалтгаанаар ор сураггүй алга болсон гэдэг.
\”Тэнгэрийн хот”, \”Үүлэн дундах хот” хэмээн нэрлэгддэг Мачу Пикчу нь Инкүүдийн сонгодог архитектур болох Хуурай-хадан хана аргаар баригдсан ба хотын гол байгууламж нь Нарны сүм Интихуатана ажээ. Нийт 200 барилгатай бөгөөд 365х300 метрийн талбайг хамран оршдог. 1983 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэнээс хойш өдөрт 2000, жилд хагас сая орчим жуулчин очдог болсон байна.