Энэ сарын 10-ны өдөр ерөнхий боловсролын сургуулийн багш нар болон сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн багш нар нэгдэж, жагсаал хийхээр болжээ.
Түүнчлэн багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж, есдүгээр сарын 1-нээс өмнө цуглан шат дараатайгаар үзэл бодлоо илэрхийлж, өөрсдийн нийгмийн байдлыг дээрдүүлэх шийдвэр гарах төвшинд хүртэл жагсаж, цаашлаад хичээл хаялт зарлах аж. Хичээл хаялтыг хичээлийн шинэ жил эхэлмэгч буюу есдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэхээр төлөвлөжээ. Учир нь ерөнхий боловсролын болон цэцэрлэгийн багш нар ТҮ5, ТҮ6 ангилалд хамаарагдах бөгөөд ажилласан жилээсээ хамаарч 480-608 мянган төгрөгний үндсэн цалин авдаг. Тэдний энэ ангилалд хамаарах цалин хаана ч хүрэхгүй, хичээлийн бэлтгэл хэмээн цалингийн тодорхой хувийг багш цалингаасаа гаргадаг, дийлэнх багш нар цалингийн зээлтэй, цалингаас цалин буухын хооронд зээл тавьж амьдралаа залгуулдаг, хэн их ачаалалтай ажилладаг гэх мэтчилэн олон асуудлыг ярьж байгаа юм. Ингэхдээ хэт их ачаалалтай буюу дунд сургуулийн нэг ангид 30-35 хүүхэд байсан бол одоо 50-60, цэцэрлэгийн нэг ангид 25-35 хүүхэд байсан бол одоо 60-70 хүүхэдтэй нэг багш ажилладаг талаар мэдээлж байна.
Харин одоогоор энэхүү жагсаалд 3000 гаруй багш нар нэгдэн, гар дээрээ 1,5 сая төгрөг авдаг байхаар шаардах юм байна. Мөн нийслэлийн багш нараас гадна хөдөө орон нутгийн багш нар нэгдэхээ мэдэгджээ.