Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр /2017 оны 8 дугаар сарын 10/МҮОНРТВ-ийн \”Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцож ярилцлага өглөө. Уг ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. Нэвтрүүлгийг сэтгүүлч А.Бүрэнбаатар хөтлөн явуулав.
–Өнөөдөр манай студид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн ирсэн байна. Танд үдшийн мэнд хүргэе.
–Оройн мэнд хүргэе.
– Ажлаа аваад удаагүй ч манай нэвтрүүлэгт оролцохоор хүрэлцэн ирсэнд танд үзэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.
-Баярлалаа.
– Та ажлаа аваад яг нэг сар болж байна. Өнгөрсөн 30 хоногийн хугацаанд та чамгүй ажил амжуулсан гэж мэдрэгдлээ. 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлыг шалгаж өгнө үү гэж та хууль хяналтын байгууллагад хандсан. Мөн оффшор бүст байгаа мөнгийг эргүүлэн авч ирэх 49 хоногийн хугацааг өгсөн. Энэ хоёр шийдвэрийг гаргахад улс төрийн ямар нэгэн шийдэл байв уу?
-Баярлалаа. Тангараг өргөөд энэ наймдугаар сарын 10-нд 30 хонож байна. Асуултад хариулахаас өмнө жаахан оршил ярих уу. Ерөнхийлөгчийн ажил өглөөний мэдээгээр эхэлдэг юм байна. Өглөөний мэдээн дээр Монгол орны өнцөг булан бүрт болсон үйл явдлыг бүгдийг он, сар, өдөр, цагтай нь оруулж ирдэг юм байна. Тэнд түймэр гарч байна. Энд зуд, тэнд ган болж байна гэдэг ч юм уу, мэдээлэл ирдэг юм байна. Мэдээг харж байхад ний нуугүй хэлэхэд Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал хүнд байна.
Эдийн засаг нь ч, сахилга бат нь ч тэр. Ган гачиг, тариа буудай, хадлангаа авч чадахгүй байгаа талаар мэдээллүүд орж ирж байна. Энэ мэдээ зөвхөн надад ирдэггүй юм байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд төрийн гурван өндөрлөгт ирдэг юм байна. Энэ мэдээ нөгөө хоёрт маань адилхан ирж байгаа байх.
Би дотроо юу гэж бодож байна вэ гэхээр ийм хүнд үед яагаад манайхан амраад байдаг юм бол оо. Уг нь ингэж амраад баймааргүй мэдээллүүд ирж байна л даа. Тухайлбал, эрүүл мэнд, ажилгүйдэл, гэмт хэрэг, ядуурлын тухай гээд мэдээллүүд байна.
Энэ жил сонгуулийн жил байлаа. Хэд хэдэн сонгууль өглөө. Энэ жил олигтой зун болсонгүй. Гантай жил мал таргалахгүй. Мал тэвээрэг байхгүй учраас энэ өвөл яах вэ. Хадлангаа яах вэ. Мал оторлох асуудал гэж байна. Монгол Улс нэг онцлог нь хөдөө аж ахуйн орон. Тиймээс ХХААХҮ-ийн сайдыг дуудаж өнөөгийн байдал, цаг үеийн мэдээлэл авсан. Хаа очиж П.Сэргэлэн сайд ажлаа нэлээд мэддэг хүн шиг санагдсан. Хийж байгаа дүгнэлт, ирүүлж байгаа мэдээ нь тэгж харагдаж байна.
Одоогийн эрх баригчид Засгийн газраа эрчимтэй ажиллуулаач ээ. Харж байхад энэ хүнд үед хоорондоо талцсан байдалтай байна. Хэдхэн монголчууд ийм байж болохгүй. Гурван бүлэглэл нь гурвуулаа хоорондоо талцаад байж болохгүй. Тиймээс би Ерөнхийлөгчийн хувьд оршил маягаар ярьж байгаа юм.
60 тэрбумын хувьд хоёр сонгууль дамнан яригдсан. Монгол Улсын өнөөгийн төр, засгийн албан тушаалыг урьдчилан зарж мөнгө босгодог гэдэг нь дээрээ ямархуу сахилга баттай байгааг тэр бичлэг харуулж байгаа юм.
Бид 96 жилийн түүхтэй МАН-ыг аав ээж, эмээ өвөө нарын нам гээд хүндэлсэн маягаар сонгодог. Энэ институцижсан байж магадгүй нам маань ийм зүйл яриад сууж байна. Ийм төлөвлөгөө гаргаад, намын дарга нь тэнд асуулт, хариулт хийгээд сууж байна гэдэг нь өнөөдрийн бидний эмгэнэл. Энэ нь намын эмгэнэл биш, Монгол орны өнөөгийн төр, засагт хүмүүс итгэхгүй болсон том дүр зураг бууж байна.
Тиймээс 60 тэрбумын асуудлаар АТГ-ын удирдлагыг хоёр ч удаа дуудаж уулзлаа. \”Та нар яагаад энэ асуудал дээр ажиллахгүй байгаа юм бэ” гэж хэллээ. Энэ мэдээллүүд шууд мэдээлэгдээд байсан болохоор нөхцөл байдлыг л асуусан. 60 тэрбумын асуудал урт ажил байх. Яагаад гэвэл 3000 гаруй хүний албан тушаалын ажил яригдсан байгаа юм. Тэр бүгдийг байцааж, авсан уу, өгсөн үү гээд яригдах юм шиг байна лээ. Миний хувьд энэ үйл ажиллагааг таслан зогсоох, намуудын санхүүжилтийн асуудлыг хуульчлах, нарийн болгохоос эхлээд олон ажил гарч ирэх юм байна.
Оффшорын хувьд, Монголын төрд яагаад хүмүүс ийм идэвхтэй шургалдаг болсон бэ гэхээр улс төрд орж байгаад хүмүүс баяждаг болж. Энэ бодит болсон. Жирийн бизнес хийдэг дундаж давхаргын хүмүүс хөдөлмөрлөөд байгаа хэрнээ өрөнд ороод байдаг. Компаниа хаахаас өөр аргагүй. Татвар, цагдаа, хууль хүчний байгууллагаас дарамт, шантааж ирдэг. Тиймээс би сонгуульд орохдоо энэ хоёр асуудлыг ил болгоно гэж орж байсан. Үүнийг ил болгоосой, төр, засгийн дээр байгаа завхарлыг тодруулж ил болгоосой гэж намайг сонгосон байх гэж боддог. Энэ том асуудлуудаа цэгцлэхгүйгээр доод шатанд өнөөдөр бид шударга ёс ярих боломжгүй. Иргэд шударга ёсыг л өнөөдөр хүсч байна.
Түүнээс биш өнөөдөр өлсөөд үхэж байгаа хүн алга. Малын буян байна. Ерөөсөө л дээрээ ийм байхад бид доороо яах юм. Улс төрд орж ирж баяжсан хүмүүс гадаадад хөрөнгөө нуудаг. Үүн дээр 49 хоногийн хугацаа өгч байгаа юм. Энэ хугацаан дотор хууль бусаар олсон мөнгөө оруулж ир гэж байгаа юм.
-Оффшор бүсээс мэдээлэл авах амаргүй гэдэг. Эндээс үнэн бодит мэдээллийг яаж гаргаж ил болгох вэ?
-Янз бүрийн арга бий. Саяхан Пакистаны Ерөнхий сайд оффшор бүст хөрөнгөтэй гээд манайхантай зэрэг зарлагдсан юм билээ. Англид хүүхдүүдийнхээ нэр дээр байртай гэдгээр огцорч байна. Мөн германууд таван сая еврогоор 11 сая хуудас цаас \”Панамын пеперс”-аас аваад ажиллаж байна. Энэ мөнгөний л ажил. Гүйцэтгэх ажил юм шиг байна лээ. Гэхдээ энэ бүхнийг нарийн яриад яах вэ. Ажилладаг хүмүүс нь ажиллах байх. Монгол Улсын Засгийн газар буюу Ерөнхийлөгч, прокурор нь үүнийг хүсэх ёстой. Өмнө нь хүсэлт явуулж байгаагүй юм билээ.
-49 хоногийн хугацаа өгсөн. Энэ хугацаа дуусаад яах вэ?
-Өмнө нь бидэнд Оффшорын хууль байгаагүй. Нэгэнт хууль байхгүй юм чинь гээд улстөрчид хөрөнгө мөнгөө тэр бүст хадгалж байсан байж болно. Хуульгүй байсан учраас тэдэнд хоног хугацаа өгч байгаа санаа юм.
-Таныг УИХ-ын гишүүн, сайд байхад санаачилсан төслүүд зогссон. Хэзээ хөдлөх вэ. Энэ тал дээр таныг юу хийх бол гэж хүлээж байгаа?
-Тийм харж байгаа. Миний гол мөрөөдөл бол Монгол Улс бүтээн байгуулалтаар хүн бүр ажилтай, завгүй болох, хаашаа ч харсан хүн ажил, төрөлтэй байх гэдгийг мөрөөдөж явдаг. Сонгуулийн үеэр ч хэлсэн. Миний өмнө нэг л мөрөөдөл үлдсэн. Монгол Улс өнөөдөр хумигдсан эдийн засгаа тэлэх цаг болсон. Одоо бол тендэр гэдэг бизнес л байна. Өөр юм байхгүй. Дотоодын зах зээл нь жижиг. Хоёр хөрш рүү бүтээгдэхүүн гаргая гэхээр гаалийн татвар нь өндөр байдаг. Өнөөдөр Төрийн тэргүүн болсон болохоор хоёр хөрш рүү нэн тэргүүнд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний гаалийн татвар дээр ажиллах ажлыг эхлүүлнэ.
Тодорхой төслүүд байна. Тэр төслүүд нь өөрөө хөдөөгийн хөгжил, хотын хөгжил, дэд бүтэц, дагуул хотын төсөл. Хоёр яаманд ажиллаж байсан ч задлахаар 4 яаманд ажиллаж байсан юм шиг туршлага надад болон манай хамт олонд суусан байдаг. Харамсалтай нь энэ төсөл дээр ажиллаж байсан 20-30 хүнд эрүү үүсгэж, шалгаж, барьж, хорьж цагдсан үйл ажиллагаа явсан. Үүний ард зохион байгуулалттай бүтэц бий. Монгол Улс хөгжиж болохгүй гэж байгаа юм. Тиймээс энэ төслүүдийг зогсоо гэдэг. Тиймээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэр хүмүүсийг хангалттай байцааж шалгасан. Харамсалтай нь юу ч гараагүй. Бид, энэ команд өнөөдөр хөгжлийн хөтөлбөрүүдээ бэлдсэн байгаа. Өнөөдөр Монголд ямар хоёр том аюул байна вэ. Таны бодол юу вэ?
-Эдийн засгийн хувьд таны хэлж байгаагаар аюул байгаа байх. Уул уурхайд хэт түшиглэсэн нэг хөлтэй эдийн засаг бол том аюул байх гэж би бодож байна. Үүнээс бид салах ёстой…
-Нэн тэргүүнд маш том хоёр аюул байна. Тэр ажилгүйдэл, ядуурал. Зөв үү. Ажилгүй хүн ядуу байна. Ядуу хүн боловсролдоо анхаарах боломж байхгүй. Эрүүл мэнддээ анхаарч чаддаггүй. Тиймээс нэн тэргүүнд бүгдээрээ ажилтай болох ёстой. Түүний тулд Монголд байгаа бизнесийн орчинг тэлэх ёстой. Гадагшаа чиглэсэн бүтээн байгуулалтуудыг монголчууд өөрсдөө хийх ёстой. Тэр төслүүдийн зураглал, судалгаа, ТЭЗҮ бүгд бэлэн болсон.
Ажилгүйдэл, ядуурлын тал дээр сонгуулийн үеэр бүх хүн санал нэг байсан. Ажлын байрыг бүтээн байгуулалтаар бий болгодог. Тиймээс ажилтай байхын тулд бүтээн байгуулалт хийх ёстой. Дэд бүтэц гэж асар том бүтээн байгуулалт бий. Төмөр зам байна. Би Зам тээврийн сайд байхдаа Азийн хөгжлийн банкаар зургийг нь гаргуулсан болохоор авто замуудын ажил хурдан явж байгаа юм. Үүнийг ярихаар намайг шүүмжилдэг.
Энэ том бүтээн байгуулалтаа монголчууд өөрсдөө хийгээсэй гэж би боддог. Ажлын дөртэй, мэргэжилтэй болоосой. Өнөөдөр ямар ч ажлын дөргүй хүнийг ажил дээр тавьчихаад чи ажил хийж чадахгүй байна гэж загнадаг. Ажлын дөртэй болгохын тулд бид хөгжлийн хөтөлбөрүүдээ, хөгжлийн бодлогоо баталсан байх ёстой.
2010 онд батлагдсан хөтөлбөрүүдийн нэг нь энэ. Хөгжлийн олон хөтөлбөр батлагддаг. Харамсалтай нь цаасан дээр л үлддэг. Монголчууд ажил хийдэггүй, хөдөлмөрлөдөггүй болохоор энэ ажлын байр дээр гаднаас хямд ажиллах хүч орж ирж байгаа юм. Тэгэхээр энэ хөтөлбөрүүдийг би хөдөлгөнө, явуулна. Үүнийг Засгийн газрын ажил, Ерөнхий сайдын ажил байна гэж магадгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр өнөөдөр ажилгүйдэл, ядуурал хоёр л тулгамдсан асуудал гэж ярьдаг юм бол яагаад үүнийг Ерөнхийлөгч өөр дээрээ татаж авч ирж ярьж болдоггүй юм. Ажилгүйдэл, ядуурлаас ингэж гардаг гэдэг зүйлийг тавина. Одоо эрх баригчид буюу 2016 оны УИХ-ын сонгуулиар парламентад 65 суудал авсан Засгийн газар байж байгаа. Үүн дээр олонхийн Засгийн газар хөдлөхгүй байх магадлалтай. Би хаширчихаад байна шүү дээ. Ийм зүйл ярингуут таслан зогсоогоод, эрүү үүсгээд, шалгаад, мохоогоод эхэлдэг. Олон залуучууд мохсон.
-Та 65-уулаа олонхи болсон УИХ, Засгийн газар гэлээ. Таныг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш энэ олонхи болсон намтай зөрчилдөх, гаргасан шийдвэр, хийх гэж байгаа ажил гацаанд орох байдал гарсан уу?
-Би энэ нэвтрүүлэгт орж байгаа нь намайг сонгосон 600 мянган хүн, дээр нь нэмээд надад санал өгөөгүй хүмүүсийн саналыг авах гэсэн юм. Энэ хүн том бүтээн байгуулалтыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээрээ татаж ирээд, Засгийн газрыг шахах юм байна. УИХ-ыг царай алдахгүй. Яагаад гэвэл 2010 оны зургадугаар сард Шинэ бүтээн байгуулалтын дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ баталсан. Тиймээс Засгийн газрыг л шахна. Тэгэхээр ард түмэн, телевиз үзэгчид намайг дэмжих ёстой. Ерөнхийлөгч.мн гээд сайт бий. Хүмүүсийн сэтгэгдлийг тэнд ирэх долоо хоногоос байршуулна. Сошиал ертөнц гэдэг зүйлтэй болсон. Түүгээр энэ бүтээн байгуулалтыг дэмжээрэй гэх юм. Ард түмний дэмжлэг дээр нэмэх нь Ерөнхийлөгч гэсэн ийм тулааныг л би хүсэх гээд байна л даа. Энэ дэмжлэг байх юм бол би Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр энэ асуудлаа татна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ дарга байлаа. Ийм ийм зүйлийг дэмжлээ, үүнийг дэмжсэнгүй гээд явъя гэсэн бодолтой байна.
-Бүтээн байгуулалтын ажил зогссон гэдэг дээр төмөр замын асуудал яригддаг…
-Далайд гарцгүй орны хувьд төмөр зам гэдэг бол Монгол орны эдийн засгийг тэлэх, экспортыг дэмжих хамгийн том хөтөлбөр юм. Хамгийн том бүтээн байгуулалт. Харамсалтай нь үүнийг олуулаа нийлж байгаад өнөө бүлэглэл таслан зогсоосон. Үүнийг явуулах ёстой. Үүнийг явуулахын тулд өмнө нь гаргасан ТЭЗҮ-г гаргаж ирж ярина. Бид ганцхан зах зээлээс хараат байснаар эдийн засаг өсөхгүй юм байна гэдгийг харлаа шүү дээ. Ганц нүүрсэн дээр тогтсон улс болж хувирлаа. Энэ байж болох уу? Болохгүй.
Тухайлбал, лангуун дээрээ ганцхан нүдний шил тавиад суугаад байх юм бол борлогдохгүй. Маш олон нүдний шил, цаг зарлаа гэхэд маш олон цаг тавьж байж, сонголттой байж зарах ёстой. Нэг зах зээл, нэг бүтээгдэхүүнээс хараат байж болохгүй гэдгийг би олон жил ярьж байгаа юм. Тиймээс төмөр зам маань бидний эдийн засгаа тэлэх, гадаад ертөнцтэй харилцах хамгийн том хувилбар.
Орос бол металлургийн орон. Металлаар маш их юм хийдэг. Манай хил давахад л тэд төмөр замаа дагуулаад металлын үйлдвэрүүдээ барьчихсан. Оросууд өнөөдөр манай коксжсон нүүрсийг авъя гэж байна. Иран, Пакистан авъя гэж байна. Тиймээс бид төмөр замын хэвтээ тэнхлэгээ яриад байна л даа. Яаж ийж байгаад төмөр замаа барих хэрэгтэй юм. Харамсалтай нь энэ Засгийн газарт уул уурхайгаар дагнасан, гаднын компаниудтай хамтарсан, оролцсон хүмүүс орж ирээд бүтээн байгуулалтад янз бүрийн нэр хаяг, овог өгч байгаад зогсоодог.
Монголчууд надад итгэл өглөө. Үүнд би их баярлаж байна. Тэд энэ итгэл дээр сая ярьсан бүх ажлыг хийгээсэй гэж бодож байгаа байлгүй.
–Яг энэ цаг мөчид өмнөд хөрш нүүрсний хоёр том ордоо зогсоочихлоо. Манайхаас нүүрс авах хандлагатай боллоо. Нүүрсний зах зээлийн үнэ өсөх юм шиг байна. Гэсэн ч бид тэр гарч байгаа урсгалыг авто машинаар зөөж байгаа болохоор хангалттай хэмжээнд гаргаж чадахгүй байна. Төмөр замгүй байна гээд халаглаад байна шүү дээ…
-Машинаар зөөх, төмөр замаар зөөхдөө биш. Бид хоёр, гурав дахь зах зээл рүү борлуулж байж дэлхийн зах зээлийн ханшаар зарна. Аман дээрээ нүүрсийг 15 ам.доллараар олборлож байгаа. Цаашаа гаргая гэхээр дундуур нь намын шахаас орчихдог. Аль ялсан нам нь Тавантолгой дээр өөрсдийн хүмүүсээ тавьж, тэндээс идэж уудаг. Үүнийг болиулахын тулд УИХ-ын дарга байсан З.Энхболд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат сайдад \”Та нар наад Тавантолгой дээрх цавчаануудаа боль” гэж хэлсэн шүү дээ. Үүнд шалгалт оруулах ёстой. Ингэж байж Үндсэн хуулийн 6.1-д заасан байгалийн баялаг ард түмний өмч болно. Бодитой болно. Өөрсдийн бизнесийн бүлэглэлүүдээ тэнд тавьж идэж ууж, мөнгөө гадагшаа хураадгаа болиод наад ашгаа ард түмэндээ өгөөч ээ. 1072 хувьцаагаа амилуулаач ээ гэсэн шахалтыг З.Энхболд дарга яриад байгаа юм.
-Таны ойр дотнын хүмүүсийг шалгасан, барьсан, хорьсон гээд байгаа. Таныг Ерөнхийлөгч болсноос хойш энэ хэргүүд бүдгэрлээ, замхарлаа гэсэн хардлага байна…
-Намайг Ерөнхийлөгч болохоос өмнө энэ хэргүүд нь мухардчихсан байхгүй юү. Юм гарахгүй болохоор хүмүүсийг нь барьж хорилоо, чарлууллаа. Хүүхэдтэй хүнийг хорилоо. Нэгд, ямар ч асуудал гарч ирэхгүй болохоор тэгээд мухарддаг юм байгаа биз дээ. Хоёрдугаарт, хүчний байгууллага, шүүх, прокурорт гайгүй бодолтой, зарчим ярьдаг, \”Арай ингэж болохгүй” гэсэн хүн байна. Тиймээс миний ярьж байгаа зүйлсийг дэмжих хүн олон байдаг юм байна гээд итгэл авсан л даа.
–Нүүрсэн дээр бид жишээ авч ярилаа. Бид ганцхан байгалийн баялгаасаа хараат гэлээ. Баялгийн хараалыг та маш их ярьж байгаа. Баялгийн хараалд Монгол Улс өртсөн байна. Голланд өвчний шинж тэмдэг илэрч байсан бол одоо өвдчихсөн байна гээд байгаа. Үүнээс гарах гарц байна уу?
-Байгаа. Норвеги 1960-1970-аад оны үед байгалийн хий олсныхоо дараа яг ингэж байсан. Норвегийн хувилбарыг л бид аваад ирэх хэрэгтэй. Энэ нь юу вэ гэхээр баялгийг ард түмэн мэддэг, төрийн өмчдөө байдаг. Төрийн өмч гэхээр бид буцаад социализм, коммунизм сэргэлээ гээд байгаа юм л даа.
Байгалийн баялгийг одоогоор намууд авчихаад байна шүү дээ. Сонгуульд ялсан нам нь өөрийнхөө намын хүнийг тавьдаг. Ингэж болохгүй. Нам гэдэг хэдхэн хүн. 76 хүний 51 хувь нь Засгийн газар барьж байна. Тэд өөрийн хүнээ тавьдаг. Ийм иддэг арга явж байна.
Энэ нь нөгөө 60 тэрбум босгох асуудал байхгүй юү. Сонгуульд би тэдийг өглөө шүү, дараа нь би Тавантолгойн захирал болно шүү гэдэг наймаа явдаг. Ингэснээр Үндсэн хуулийн 6.1 зөрчигддөг. Байгалийн баялгийг эзэмшиж байдаг газруудын ТУЗ-д улс төр, намаас хараат бус хүмүүсийг тавиад Шилэн данс гэдэг шиг бүтцээр ажиллаж, бирж дээр гаргаж болно. Баялгуудыг бирж дээр гаргая гэхээр хулгай нь байгаа болохоор гарч болохгүй байгаа юм.
Тиймээс бид Норвегийн жишээг хуулах ёстой. Бид баялгаа мэдэх ёстой. Бид гэдэг маань Монгол Улс. Бидэнд маш том эмгэнэл байна. Тэр нь юу вэ гэхээр уул уурхайн бизнестэй хүмүүс Засгийн газарт хүч түрэн ордог болж. Яагаад гэвэл мөнгө төлж байна. Уул уурхайн бизнестэй хүн УИХ-ын гишүүн байж болно. Үндсэн хууль, хүний эрх гээд ярих л байх л даа.
Би гэхэд архи үйлдвэрлэдэг хүн УИХ-д нэр дэвшиж болохгүй гээд хууль санаачилж байсан хүн. Лобби үүсэх магадлалтай байхгүй юү. Архины татварыг багасгана гээд явчихвал яах юм. Түүнээс урьдчилж сэргийлж байгаа юм. Түүнээс дургүйдээ биш юм. Өнөөдөр уул уурхайн бизнестэй хүмүүс Засгийн газарт орж ажиллаж байна. Ингэж байтал уул уурхайн бизнестэй 10-аад хүн Засгийн газарт ороод ирэх магадлалтай шүү.
Таны хэлж байгаа баялгийн хараал чинь ингээд тэр чигтээ хүндрэх тал руугаа орно. Бүгдээрээ нийлээд уул уурхайгаар лобби явуулна. Зөвхөн өөрийн бизнесээ ярина. Солонгорсон эдийн засаг, ХАА, бусад бизнес байхгүй.
Өнөөдөр Засгийн газарт байгаа уул уурхайн бизнестэй сайдууд өөрийн хүсэлтээр сайдаасаа татгалзах хэрэгтэй. Учир нь уул уурхай гэдэг бол баялгийн хараалд өртөх хамгийн эмзэг сэдэв. Уул уурхайн бизнестэй сайд том мөнгө ярина. Том мөнгөөр том хахууль орж ирнэ. Зүгээр тавилгын бизнес хийж байгаа хүнд ямар хахууль байдаг юм. Хүн тоохгүй шүү дээ. Санал нэг байна уу?
-Мэдэхгүй л дээ. Би авлигын асуудлыг л хөндөөд байна…
-Уул уурхай гэдэг чинь том. Авлига гэдэг чинь уул уурхайгаар л дамжиж орж ирнэ. Уул уурхайн бизнестэй хүн Засгийн газарт орохдоо сонгуульд урьдчилж мөнгө өгөөд, би тэр яамыг авна шүү гээд захиалга өгч байна. Би 60 тэрбумтай л холбож яриад байна л даа. Тэр 60 тэрбум бол зөвхөн хотынх. Орон даяар ямар юм болж байгаа бол. Саяын сонгуулийг харлаа. Асар хүч тэнцвэргүй тулаан болсон. Хүч тэнцвэргүй тулаан болсныг хүлээн зөвшөөрч байна уу?
–Их л хар сонгууль болох шиг болсон…
-Эрх мэдэл нөгөө талд байсан. Асар их мөнгө цацсан. Би бол үүнийг уул уурхайн мөнгө л гэж бодож байгаа. Уул уурхайн бизнес эрхэлдэг хүн бол уул уурхайн бизнесээ л эрхэл. За яах вэ, УИХ-ын гишүүн байж болно. Хүний эрх юм. Харин Засгийн газраасаа татгалз. Би Хөдөө аж ахуйн сайд байхдаа давхар дээл энэ тэр гэж яриад сайдаа өгөөд, өөрөө хүсэлтээрээ гарч байсан. Болдог л байхгүй юү. Тиймээс уул уурхайгаар дамжаад баялгийн хараал одоо Засгийн газарт нүүрлэчихсэн байгаа.
–Таны ярьж байгаа авилга бүх шатандаа байна. Үүнээс бид яаж ангижрах юм?
-Дээрээ ийм байхад доороо тийм байхгүй яадаг юм. Төр ийм байхад доороо ийм л байна гэж бодно шүү дээ, хүн. Тэгэхээр цэвэрлэгээ дээрээсээ явах ёстой. Дээрээ зарчим ярихгүй бол доор зарчим яригдахгүй. Улсуудын хөгжил ерөөсөө тийм байдаг. Жишээ нь, аав ээж хэрэлдээд байвал хүүхдүүд бас л хэрэлдэнэ шүү дээ. Дээрээсээ цэвэрлэнэ гэдэг маань энэ бүх асуудлыг нийгэмд ил болгож тавих асуудал.
-Улс төр бизнес хоёр холилдлоо гэж хүмүүс шүүмжилдэг. Энэ хоёрыг салгах ёстой гэдэг. Энэ дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
-Өнөөдөр намууд өөрсдөө авлигатай тэмцэх гэж байгаа бол санхүүжилтээ ил болгох ёстой. Намууд сонгуульд орохын тулд мөнгө гаргадаг. Мөнгө гаргахдаа бизнесмэнүүдэд ханддаг. Тэгээд энэ хоёрын холбоос эхэлдэг. Энэ холбоосыг таслах нь чухал. Бүх намууд улстөрчдөө бэлдэх ёстой. Улстөрч гэж мэргэжил яриад байна шүү дээ. Намууд боловсон хүчнээ бэлдэхгүй болохоор үүн дээр бизнесүүд орж ирэх цоорхой нь байсаар байна. Дахиад л хүний эрхийн асуудал л даа.
Одоо нэн тэргүүнд дээр хэлсэн бүтээн байгуулалтаар ажилгүйдэл, ядуурлыг багасгахгүйгээр бизнесмэнүүд улс төрд орж ирэхийг зогсоож чадахгүй. Учир нь сонгууль өөрөө мөнгө болчихлоо. Ажилгүй ядуу иргэд сонгуулиар хэдэн төгрөгтэй болчихъё гэж бодолгүй л яахав. Тэгэхээр хүн өөрөө хангалттай цалинтай болчихвол саналаа өгөхдөө \”Энэ ч аятайхан улстөрч шүү” гээд сонгодог болсон цагт бизнесмэнүүд орж ирэх нь багасна. Бизнесмэнүүд өөрсдөө завгүй бизнестэй болчихлоо гэж бодъё. Тэгвэл УИХ руу орж яах юм бэ. Хүмүүс бүгдээрээ ажилтай, хангалттай цалинтай, орлоготой болчихвол зөв сонголт хийнэ. Хорин мянга, 30 мянган төгрөгөөр сонголтоо хийхээ болино гэж бодож байна. Үүнийг би яагаад яриад байна вэ гэхээр БНСУ, бусад орны хөгжлийг судлахаар ажилгүй үедээ хүн тав, арван ам.доллараар тооцоо хийгээд, худалдагдаад явчихдаг юм байна л даа.
-Та өөрөө бизнес эрхэлж байсан. Бүтээн байгуулалт хийдэг. Таныг бизнесийнхний зовлон жаргалыг ойлгодог, улс төрд ч явж байсан хүн учраас бизнес эрхлэгчид хүлээлттэй байх шиг байна л даа?
-Тийм. Маш их хүлээлттэй байна. Учир нь өмнөх дөрвөн Ерөнхийлөгч аж ахуйн тал дээр ажил эрхэлж байгаагүй. Бизнесийн салбараас гараагүй хүмүүс тул аж ахуйг мэдэхгүй байх магадлалтай. Хүн муулж байгаа юм биш шүү. Нэгэнт тэр фронтоор яваагүй хүн бол мэдэхгүй. Хямралын энэ хүнд үед аж ахуй мэддэг, цалин тавьж байсан, татвар төлж, татварын байцаагч нарт байцаагдаж байсан, тэр зовлонг мэддэг, тэр талын олон сорвитой хүн Ерөнхийлөгч болсон гэдэг нь дундаж давхаргыг босгох хүлээлтийг биелүүлнэ гэж би бодож байгаа шүү дээ.
-Ямар ажлаас эхлэх вэ?
-Бүтээн байгуулалт байна. Бизнесийг тэлэх ёстой. Хэдхэн улс төрийн бүлэглэл тендэрүүдийг аваад байж болохгүй. Тэднийг тойрсон бизнесийнхэн, улстөрийнхөн таргалдаг. Бусад бизнесүүд таргалдаггүй. Тендэрийг хэдхэн компани иддэг. Бусад аж ахуйн нэгжид өгдөггүй. Баян, ядуугийн ялгаа асар их болсон ийм л орчныг хүлээж авлаа.
-Таныг багаа бүрдүүлж байгааг олон нийт анхааралтай ажиглаж байх шиг байна. УИХ-ын дарга, Ардчилсан намын даргаар ажиллаж байсан З.Энхболд, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, таны зөвлөх байсан А.Гансүх, мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж, яруу найрагч Ц.Хулан гээд таны зөвлөхүүд сонгогдлоо. Зөвлөхүүдээ ямар шалгуураар сонгосон бэ?
-Хүмүүс зөвлөхүүд дээр ач холбогдол өгөөд яриад байгаа юм. Энэ хүмүүс цалин, төсөв байхгүй. Онцгой сэдвүүд дээр хүмүүсийг сонгодог нь аль ч оронд байдаг зүйл. БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч өөрийн тусгай элчийг над руу явуулсан. Хятад руу ч явуулж байсан. З.Энхболд УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга байсан хүн, өөрөө хуульч, эрх зүйч хүн. Ганзаганаас эхлээд бид олон жил хамт явсан. Бидний нөхөрлөл 27 жил болж байна. Бие биеэ мэднэ. Би дандаа доод удирдлагад нь байсан. Миний дутагдлыг мань эр мэднэ. З.Энхболдын дутагдлыг би мэднэ. 27 жил бол урт хугацаа.
Би хуулийн мэдлэггүй, парламентад гурван удаа сонгогдсон, аж ахуйн талын мэдлэгтэй хүн. Тамгын газар гэдэг бол Ерөнхийлөгчийн гал тогоо. Тамгын газрын дарга бол надад биш, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэмэр болох хуучны анд, туршлагатай хуульч хүн. Н.Алтанхуяг дарга бол Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд, Шадар сайд, Хөдөө аж ахуйн сайд, Сангийн сайд байсан хүн. Асар их туршлагатай. Хүнтэй харилцах харилцаа сайтай. Олон жил улс төрд хамт явсан, миний дутууг нөхөж чаддаг. Би хүнтэй эвтэй яриад байдаггүй. Н.Алтанхуяг дарга бол хүний эвийг нь олчихдог. Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхийлөгчид улс төрийн хувьд зөвлөгөө өгнө. Би намаасаа татгалзсан тул Н.Алтанхуяг дарга олон намуудтай хэнтэй нь ч ярьсан учрыг нь олж чадах, олон жил нөхөрлөсөн, тийм л хүн.
А.Гансүх, Д.Дагвадорж нарын хувьд Асашёорюү бол Японы од, дэлхийн од. Үнэхээр сийрэг толгой. Миний хувьд УИХ, Засгийн газар, улстөрчдөд төмөр замын талаар 2-3 жил яриад, тэдний ойлгоогүй зүйлийг Д.Дагвадоржид 20 минут ярихад л ойлгочихдог. Хэлэлцээрийн ширээн дээр Японы улстөрчидтэй нэг асуудал ярина. Гэрээ хэлэлцээрээр нэг асуудал ярина. Албаны яриагаар нэг асуудал ярина. Д.Дагвадоржийн хувьд хүнтэй маш их эвийг нь олоод ярьчихдаг. Олон улстөрч танина.
Ш.Абэгийн ээжийнх нь гэрт очоод, ээжээр нь хүүг нь дуудаж авч ирээд дөрвөн цаг Монголын талаар ярьчихдаг хүн шүү дээ. Сумогийнх нь их аварга якузона ээжийнх нь гэрт ирчихээд байхад Ш.Абэ ээжийнхээ гэрт ирэхгүй байх аргагүй. Энэ хүнээс асар их юм гаргаж Монгол Улс ашиглах ёстой. Энэ хүнийг бөхөөр нь нэр сүрийг нь авлаа. Монгол Улсыг өргөлөө. Одоо түүний мэдлэг, танил талыг нь ашиглая гэсэн юм.
А.Гансүхийн хувьд гурван улсын дэд бүтцийн хэлэлцээр дээр сайд байхдаа сууж байсан. Намайг сайд байхад дэд сайд байсан, хуульч, эрхзүйч хүн. Гаднын хэлэлцээр дээр хуульч хүн суудаг. Өнөөдөр Монгол Улсын бизнесийн орчны хамгийн нэгдүгээрт хийх ажил бол дэд бүтэц. Аль ч улс орон дэд бүтцээ барьж авдаг. Хямралын үед ч, дайны үед ч, хөгжлийн үед ч барьж авдаг. Далайд гарцгүй орны хувьд дэд бүтэц гэдэг бол манайд төмөр зам.
Төмөр замын ажил дээр махлагдсан, түүнээсээ болж янз бүрээр хардагдаж сэрдэгдэж байсан хүний хувьд А.Гансүх шиг хүнийг дахин гаргаж ирэхэд дахин 2-3 жил шаардагдана. Орос, англи хэлтэй.
Ц.Хулан бол өөрөө соёл, шашны асуудал дээр хувиараа маш их зүйл хийсэн. Уг нь бол МАН-ын хүн. Би одоо нам бус болсон. Олон жилийн өмнөөс бид бие биеэ мэднэ. Шашны асуудал дээр лам дээлтэй, бурхан шашины хүн тавилаа гэхэд хэцүү. Энэ тал дээр өөрийгөө зориулсан хүн тул надад түшиг тулгуур болно гэж бодож байгаа.
Ц.Хулан бол өөрөө бас их бадрангуй хүн. Их ажилсаг. Намайг зүгээр суулгахгүй байх гэж дотроо айж байгаа(инээв).
-Та сая давхар дээл гэж хэлж байсан. Энэ үг хэлц үг болоод хувирчих шиг боллоо. Таныг бол МоАХ, Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгч гээд гурван давхар дээлтэй гэдэг?
-Төрийн бус байгууллагад улсын төсөв байхгүй. Жишээлбэл, би Жүдо бөхийн холбоог Риогийн олимпийн дараа өгөх гээд хэд хэдэн хүнээс гуйсан ч авах хүн олдоогүй. Энэ өөрөө их хүнд ажил л даа. Бөхчүүдээ мэднэ, хөрөнгө мөнгөний асуудал байна. Хамгийн чухал нь хүүхдүүдээ нэг нэгээр нь мэднэ гэдэг хэцүү. Тэнд хоёр гуравхан биш, хоёр гурван зуун хүүхэд байгаа юм.
МоАХ-г 2006 онд хүлээж авсан, одоо 11 жил болж байна. Бас л удаж байгаа. МоАХ-ны партизануудаас бол их хүлээлт байгаа байх. Тэд хамгийн хүнд хүчир ажилд явдаг, 1990 оны хувьсгалд анхлан оролцсон, албан тушаал гуйдаггүй, дуудахаар хүрээд ирдэг, бас л миний анд нөхөд юм даа. Эд бол давхар дээл биш шүү. Төрийн бус байгууллага(инээв).
-Сая хоёулаа өнгөрсөн цаг дээр нэлээд зүйл ярилаа. Одоо танд ирээдүй цаг дээр асуулт асууя гэж бодож байна. Таны гадаад айлчлалыг хүмүүс нэлээд ажиглаж харж байгаа байх. Хамгийн түрүүнд хаашаа айлчлах вэ?
-Одоо Тамгын газартайгаа ярилцаж байгаа. Бүх л улсууд урьдаг юм байна. Мэдээж гадаад айлчлалаа хоёр хөршөөсөө эхэлнэ. Есдүгээр сарын эхээр Владивостокийн Дорнын форум гэж болдог юм байна. Азийн таван орны тэргүүн оролцдог. Үүнд оролцоно. Орос, Хятад, Япон, БНСУ, Монгол гэсэн таван орон оролцоно. Урилга ирчихсэн байгаа.
–Та гадаад харилцаандаа ямар бодлого баримтлах вэ?
-Мэдээж нэн түрүүнд хоёр хөршийн асуудалд анхаарна. Гэхдээ хоёр хөршид айлчлахдаа, айлчлуулахдаа үр дүнтэй байх ёстой. Лоозогносон биш, бодит зүйл ярина. Нэн түрүүнд гаалийн татварыг ярья гэж бодож байгаа. Ийм том зах зээл байна. Дэлхий сонирхдог хоёр том зах зээл дээр бид нар яагаад бүтээгдэхүүнээ гаргаж болдоггүй юм бэ. Гаалийн татвараа яриач гэдгээс эхэлнэ.
Ерөнхийдөө гадаад харилцаа дэлхий даяар эвгүй болчихлоо. Европын олон оронд Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. АНУ-д тооцоолоогүй байсан хүн Төрийн тэргүүнээр нь сонгогдлоо гэх мэтчилэн. Тэгэхээр либераль үзэл ч хаана яваад байгаа юм. Дэлхий өөрөө шинэ бодлого руу орж ирж байна. Дэлхийн энэ бодлого дээр манай хоёр хөрш хаана нь байгаа юм, зүүн Ази хаана нь байгаа юм, бид яах ёстой юм. Гурав дахь хөрш гэдэг нь ямар утгатай, юуг ярьдаг юм гэх зэрэг нарийн зүйл их байдаг юм байна. Тангараг өргөөд 30 хонож байна гэдэг бол миний судалж, мэдэх ёстой зүйл зөндөө байна. Үнэндээ 30 хоногийн хугацаанд бүх аппаратаа ч харж амжаагүй байна.
– Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг албан тушаал дээр та очлоо. Өмнө нь бол та бас төрийн өндөр албан тушаалууд хашиж байсан. Сайд, УИХ-ын гишүүн байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч болоход өөр ямар зүйл байна?
-Мэдээж төрийн хамгаалалттай гэдэг нь содон юм байна. Дасахад их хэцүү юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч болохоор асар их хариуцлага ирдэг юм байна. УИХ-ын гишүүн болоход тойрог дээрээ очоод л гараад ирнэ. Дорж, Дондогоо мэднэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг хоёр гуравхан хүн өрсөлддөг. Монгол орон даяар сонгогдох гээд явдаг. Ингээд явж байхдаа уулзалтад ирж байгаа, сонгож байгаа ард иргэдийн нүдний харц ямар их горьдлого өгсөн байна аа. Тэр л их хүнд ачаа болдог юм байна. Энэ их итгэлийг би яаж даах вэ гэдэг зүйл. Сайд бол УИХ, Засаг, нам дотроосоо сонгогдчихдог. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч бол тэгдэггүйгээрээ онцлогтой. Дахиад хэлэхэд энэ их итгэл өгсөн хүмүүсийн итгэлийг яаж даах вэ гэдэг л байна.
-Та түрүүн маш олон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлээд, заримыг нь амжилттай явуулсан гэж ярилаа. Одоо Монгол Улсыг бүхлээр нь хараад яг ямар төслийг эхлүүлэх вэ. Сонгогчдын нүд таныг одоо хараад сууж байгаа?
-Төмөр замаа эхэлнэ, хөдөөд \”Шинэ сум” төслөө эхэлнэ. Хөдөөд бол бид шинэ сумаа бариад туршилтаа хийчихсэн. Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг суманд хийсэн. Сая очоод ирсэн. Туршилт бол болчихсон. Өнөөдөр үүнийг бид төсөв мөнгөгүй байна гээд үргэлжлүүлж чадахгүй байгаа нь арчаагүйдээ ийм байдалтай байгаа юм.
Хөгжлийн бодлогоо тодорхойлчихоод түүнийгээ хийхгүй байна. Энэ Засгийн газар түүнийгээ ойлгохгүй байна. Дахиад л лобби руугаа орчихсон. Засгийн газар нь уул уурхайн бизнестэй сайдуудтай болчихсон. Тэдэнд бүх юм нь байна. Хувьдаа баян байна. Санаа зовох юмгүй. Тиймээс Засгийн газраасаа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөсөө бид сэргээн босголтоо буюу сэрэлтээ эхэлье гэж түрүүний ярьдаг маань тэр.
Тиймээс зэрэг эхэлнэ. Армиа бүтээн байгуулалтад татаж оруулна. Өнөөдөр энхтайван байгаа цагт Монгол Улсын арми яагаад бүтээн байгуулалтад оролцож болдоггүй юм бэ. Яагаад армиараа дамжуулаад эх оронч, эрүүл чийрэг иргэдээ бэлдэж болдоггүй юм бэ. Яагаад ажил хийгээд, цэргээс халагдахдаа орон сууцны мөнгөтэй халагдаж болдоггүй юм бэ. Яагаад хоёр мэргэжил эзэмшиж болдоггүй юм бэ. Дээр нь цэргийнхээ эрдмийг сурчихсан, гурван мэргэжилтэй тэвхийсэн олон эрэгтэй, эмэгтэй бэлтгэл хүчин байж болдоггүй юм бэ. Энэ мэтчилэн 30 хоногийн хугацаанд олон юм бэлдлээ л дээ.
-Та Монголбанкны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзахдаа банкны хүүний тухай асуудлыг ярьсан. Одоо иргэд бүгд зээлтэй. Бизнес эрхлэгчид зээлтэй. Банкны хүү өндөр. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэнээр банкны салбар эрүүлжих, хүү буурах нааштай дүр зураг харагдаж магадгүй гэж яригдаж байна л даа?
-ОУВС бол дэлхий даяар ажлаа л хийж байгаа байгууллага. Монгол Улсад мөнгөө өгчихсөн хүмүүсийн мөнгийг нь буцааж олгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх ийм л байгууллага. Тэднийг буруутгах аргагүй. Бид тэдэнтэй тулаад ярьдаг мэргэжлийн хүмүүстэй байх ёстой. Бид өөрсдийгөө хамгаалаад, тэдний тусламжийг яаж авах юм. Бүх хувцсаа ОУВС-аас авах юм уу. Эсвэл ганц гутлаа авах юм уу. Эсвэл ганцхан сандлаа авах юм уу. Тэр тал дээр бид бэлтгэлтэй байх ёстой. Энд нам хамаагүй. Зөвхөн Монгол Улс байх ёстой. ОУВС бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Засгийн газартай ярьж байгаа. Бид тэнд бэлтгэлтэй баймаар юм билээ. Харамсалтай нь бид түүнийгээ ярьж чаддаггүй, бэлтгэгдсэн хүн байдаггүй.
Тэгэхээр Монголбанкны ерөнхийлөгчийг дуудаж уулзсан. Н.Баяртсайханыг олон жилийн өмнөөс мэднэ л дээ. Гайгүй боловсон хүчин байгаа юм. Түүнтэй банкны хүүний талаар ярьсан. Тэр дотроо, жишээлбэл, тэтгэврийн зээлийг ярьж байгаа юм. Тэтгэврийн зээл, төрийн албан хаагчдын цалин гэдэг бол баталгаатай мөнгө. Яагаад гэвэл хуульчлагдсан мөнгө. Гэтэл хуульчлагдсан мөнгөнд банк зээл өгөхдөө яагаад сарын 2-оос дээш хувь буюу жилийн 24 хувиас дээш хүүтэй өгөөд байдаг юм бэ. Энэ бол эрсдэлгүй мөнгө. Өөрөөр хэлбэл, алтан бөгжөө ломбардад барьцаалуулахад эрсдэлгүй, хүү багатай. Түүнтэй адил тэтгэврийн зээл, цалингийн зээл хоёр эрсдэлгүй зээл. Эрсдэлгүй зээл дээр банкууд өнөөдөр жилийн 24-өөс дээш хувийн хүүг хүүлээд байна. Үүнийг буулгах ёстой. Зарлигаа гаргадаг юм уу, юугаа гаргадаг юм.
Би үүн дээр УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг гаргачихсан байгаа. Тэр олон ядарсан хөгшчүүл тэтгэвэрийн зээл авахдаа баярлах л гэж авав гэж дээ. Асуудал байгаа болоод л зээл авч байгаа шүү дээ. Тиймээс тэтгэврийн зээл, төрийн болоод хувийн албан хаагчдын цалингийн зээлийн хүүг хуулиар тогтоож өгөх ёстой. Баталгаатай зээл учраас.
Зарим орнууд 16 хувиас дээш хүү бодож зээл олгосон банкинд хариуцлага тооцдог. Жилийн 24 хувиас дээш хүү оногдуулсан бол гэмт хэрэгт тооцдог зэрэг банкуудын мөнгө хүүлэх механизмыг нь хуульчилж өгөөд байна. Тэгж болж л байгаа.
Тэгэхээр нэн тэргүүнд бид энэ зэрэг асуудлуудыг ярина. Өнөөдөр Монголбанк алтны нөөцөө мэдэхгүй байна. \”Монголбанкинд алт олборлогч хэдэн компани алтны нөөцийг чинь зузааруулж байна вэ” гэж асуутал мэдэхгүй байсан. Яагаад гэвэл бид экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй орон. Монголбанкин дээр байгаа алтны нөөцөөрөө валютынхаа нөөцийг тодорхойлж байгаа. Тэгэхээр компаниуд татвараа нуухын тулд хувь хүнээр алтаа тушаалгадаг гэж байна. Дахиад л гэмт хэрэг.
-Тэгээд бас нууцаар гадагшаа гаргаад байгаа?
-Ингэхээр алт хулгайгаар урагшаа хил гарч байгаа. Халаасаар, янз бүрийн байдлаар гарч байна. Бүр сүлжээ үүсчихсэн. Энэ нь манай улсын алтны нөөцөд хортой. Өнөөдөр алт гэдэг бол Оюутолгой, Эрдэнэт шиг асар их технологи, хөрөнгө оруулалт зараад байх юмгүй. Хоёулаа хүрз бариад алт олборлосон ч болно. Нинжа гэж ярьдаг шиг их энгийн, өндөр технологи хэрэггүй.
Миний бодлоор Монгол Улс өөрөө алтаа олборлох ёстой. Яаж вэ гэдэг нь технологийн асуудал. Яаж вэ гэдэг нь ноу хауны асуудал. Яагаад Монгол Улс тэр хулгайлагдаад байгаа газрын доорх баялгаа Үндсэн хуульд заасны дагуу өөрсдөө мэдэж болдоггүй юм бэ. Яагаад Монгол Улс алтаа өөрөө олборлоод, алтны нөөцөө Монголбанкиндаа тушааж болдоггүй юм бэ. Би \”Сентура гоулд” гээд компанийн тухай ярьсан. \”Бороо гоулд”-ыг яриагүй шүү дээ. \”Сентура гоулд” гээд компани толгой эргүүлсэн олон охин компаниуд байгуулаад, өөрсдөө татварын байцаагчтай. Үүнийг нь шүүмжилж, энэ компанийг шалгаарай гэж ярьсан юм. Яагаад гэвэл тэд бүгд өөрсдийн лоббитой.
Сэлэнгэ аймаг бол тэр чигээрээ алттай юм билээ. Тэгээд гаднынхан олборлодог. Алтаа өөрсдөө олборлодог улс байя. Ийм орнууд дэлхий дээр маш их. Алтан дээр хөрөнгө оруулалт хэрэггүй. Хайлуулдаг зуух л хэрэгтэй. Алтаа олборлож байгаа юм бол хайлуулдаг зуух лизингээр ороод ирнэ. Ийм жишээний дорвитой, бодит ажлуудыг хийх санаачилгуудыг гаргана. Ард түмэн намайг дэмжээрэй.
-Монгол Улсын эдийн засгийн цусны эргэлтийг эрүүлжих асуудлыг яриад байгаа юм л даа. Жишээлбэл, таныг хятад хүнсний ногоог хориход төмсний үнэ өсчихлөө гэж байна. Ер нь юмны үнэ сургаар өсдөг, замбараагүй байдаг, энэ урсгалыг яах ёстой вэ?
-Би өөрөө Хүнс, хөдөө аж ахуйн сайд байсан болохоор энэ ажлыг эхлүүлсэн. Чингис бондын 1.5 тэрбум ам.доллараас хүлэмжид нэлээд их зарцуулсан. Өнөөдөр өргөст хэмх, гүзээлзгэнэ тарьдаг болсон. Төмсөө бол өөрсдөө тарьдаг болно. Ер нь бол болохгүй юм байхгүй. Манай хөрс бол цэвэр эко хөрс. Тиймээс энэ хөрснөөс авсан бүтээгдэхүүнийг экспортолж болно.
Израиль гэхэд гурав, дөрвөн зуун сая палистинчууд дунд амьдардаг, бидэнтэй адил цөөхүүлээ улс. Хүнсний аюулгүй байдал, батлан хамгаалах салбар дээрээ асар их анхаарал тавьдаг. Хүнсний ногоог элсэн дээр дуслын системээр тарьдаг. Яагаад гэвэл тэд хүнсээ өөрсдөө л хэрэглэнэ. Өөрсдөө л тарина.
Тиймээс манай үндэсний аюулгүй байдалд нэн түрүүнд яригдах зүйл бол хүнс. Төмсийг бид гаднаас авахаа больё. Төмс бол гарын дор ургадаг. Тагтан дээр байгаа төмс хүртэл өөрөө ургачихдаг. Үүнийг гаднаас аваад байгаа нь дахиад нөгөө л ажлын байр, нэмүү өртөг, залхуурлын л асуудал. Дор хаяж төмсөө өөрсдөө 100 хувь хангадаг болоод, яагаад Монгол хөрсөн дээр ургасан нарийн ногоог экспортолж болохгүй гэж. Яагаад бид өнөөдөр Швейцарь, Францад үйлдвэрлэсэн сыр идээд байдаг юм. Солонгосоос далайн байцааг тээвэрлэж оруулж ирээд зараад байна. Япон ресторанд Австрали үхрийн мах идэж болж байна. Энэ бүгд валютын урсгал шүү дээ. Валютын гадагшаа гарах урсгалыг хаахын тулд, дотооддоо үүнийг барихын тулд, ядаж хүнсээ дотооддоо бэлтгэж хэрэглэдэг байя гэсэн санаа хэлсэн юм. Харамсалтай нь үүнийг мушгиад байна.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулна гэж байгаад хойшлогдсон. Одоо энэ асуудал ид өрнөж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр таны санаа бодол ямар байгаа вэ. Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хязгаарлах тухай асуудал ярьж байна. УИХ, Засгийн газрын ажлын хуваарь зэрэг олон зүйлийг ярьж байгаа?
-1992 оны Үндсэн хууль батлагдаад 25 жил болсон. Цагийн уртад өөрчлөгдөж болно. Гэхдээ хэлэлцүүлгийг хараад байхад зөвхөн төрийн гурван өндөрлөгийн албан тушаалын асуудлыг солих гэж Үндсэн хуулиа өөрчлөх гэж байгаа бол солихгүй ээ. санал нийлэхгүй ээ.
-Яагаад?
-Яагаад гэвэл, нэгд, эрх баригч нам УИХ-д олуулаа байна. Хүчиндэх гэж байна. Хоёрдугаарт, энэ сонгууль өөрөө но-той сонгууль. Төрийн албан тушаалыг зарж, 60 тэрбумыг босгосон намд Үндсэн хуулийг өөрчлөх эрх байхгүй. Эрх мэдэл нь байгаа ч эрх нь байхгүй шүү.
Харин үнэхээр УИХ, Засгийн газар ард түмнийхээ төлөө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол өөр асуудал. Саяын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдал хүлээлээ. Тиймээс эрх мэдлийн асуудалд анхаарал хандуулж байгаа бол би хүлээн зөвшөөрөхгүй ээ гэж байгаа.
-Манай улс парламентын засаглалтай. Зарим хүн Ерөнхийлөгчийн засаглал тохирно гэдэг. Хоёр танхимтай парламенттай байх хэрэгтэй, Их Хурлын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэсэн саналууд гаргаж байна л даа. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-1992 онд 76 гишүүнтэй УИХ байх нь зүйтэй гэж ярьж байх үед хүн амын тоо хэд байв. Хүн амын төлөөлөл маань УИХ-ын гишүүн. Одоо гурван сая гаруй хүнтэй болсон бол нэмж болно. Гэхдээ хэлэлцүүлнэ. УИХ-ын гишүүд маань ард түмнээ төлөөлж гарч ирж байгаа. Одоогийн 76 маань төлөөлж чадахгүй тоо байж магадгүй. Судалгаа хэрэгтэй. Санал асуулга явуулах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн засаглал гэж ярьж байна. \”Замбараагүй байдал, ядуурал, ажилгүйдэл нүүрлэж байхад хүчтэй хүн гарч ирээд базаасай. Хоёр хөршид тийм байна” гэсэн жишээн дээр байгаад байгаа юм болов уу гэж бодож байна.
Нэгд, аюулгүй байдал дээр бол нэг хүний хараат байна гэдэг дарангуйллын хэлбэр рүү, хүчтэй дарангуйлал руу орно. Хоёрт, дарангуйллаар улс орноо хөгжүүлэх нэг асуудал. Дарангуйллаар өрсөлдөгчөө дарах нэг асуудал. Гуравдугаарт, нэг хүнийг худалдаж авах шиг амархан юм байхгүй. Энэ бол асар том болгоомжлол. Хүссэн хүсээгүй УИХ-ын гишүүд нь хэлэлцдэг. Ийм байгаа тохиолдолд 76 юм уу, 99 болсон тохиолдолд бүгдийг нь худалдаж авахад хэцүү. Сая Тавантолгой руу асар хүчтэй дайралт хийлээ. Тавантолгойн орд бол 1970-аад оны эхээр ард түмний татвараар олсон орд. Үүнийг гадныхантай хамтарсан нэг компанид өгч болохгүй. Сая Ерөнхийлөгчийн багт орж байгаа хүмүүс бол үүний эсрэг байсан нэгдмэл санаатай улсууд юм шүү.
Энэ орд өөрөө монголчуудын буюу Үндсэн хуульд заасны дагуу бүх ард түмэнд ашиг нь очиж байх ёстой. Иймээс бид өр зээлээс хол. Тохироод ногдол ашгаараа төлнө гэдэг ч юмуу. Ер нь намуудад шигдсэн хэдхэн гэр бүл, нөгөө 30 гэр бүл гэдэг, энэ ажлыг хийдэг юм шүү дээ. Тэгэхээр гурван сая иргэд рүү нь үүнийг оруулъя. Үүний тулд ард түмэн намайг сонгосон гэж би ойлгодог.
-Засаг захиргаа нэгжийн хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй бол болохгүй байна. Хөгжилдтушаа болж байна гэж ярьдаг зүйлүүд бий л дээ?
-АИХ-тай болно гэдэг бол Засаг захиргааны өөрсдийн эрх мэдэлтэй нэгжтэй болно гэсэн хэлбэр нь байх шиг байгаа юм. 76 гишүүн бол УИХ дээрээ байж байдаг. АИХ-ын төлөөлөгчид бол сумуудаас сонгогдоод ирж байдаг. Жилдээ шаардлагатай үед дуудагдаж ирээд хурал хийчихдэг. Үүний гол санааг хотын дарга байсан Э.Бат-Үүл их ярьдаг юм. Бас л судлах хэрэгтэй. Ард түмнээс асуух л хэрэгтэй.
-Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хумих тал дээрх асуудалд та ямар байр суурьтай байна?
-Ерөнхийлөгч бол харахад эрх мэдэлтэй ч юм шиг, эрх мэдэлгүй ч юм шиг. Үүнийг хумихаар би юу хийхээ мэдэхгүй байна. Саяын бүтээн байгуулалтууд лав бараг явахгүй.
-Тогтолцоо гээд ярихаар УИХ нь Засгийн газар руугаа ороод ажлыг нь хийгээд байгаа юм шиг. Засгийн газар нь бас хоорондоо холилдчихсон байдаг. Үүнийг та хэрхэн харж байна вэ?
-Дахиад эрх ашгуудын зөрчил яваад байгаа юм. Тэрний хүн, энэний хүн тавигдчихлаа гэнгүүт түүн дээр хэн мордож байна гэхээр уул уурхайтай хүмүүс морддог. Авлига гээд байгаа нь тэдэнд л бэлэн мөнгө байгаад байна. Өнөөдөр архи үйлдвэрлэгчдэд бэлэн мөнгө байна, уул уурхайд бэлэн мөнгө байна. Бэлэн мөнгө байгаа газар авлига явж байна. Үүнийг таслан зогсоохын тулд Засгийн газарт байгаа уул уурхайн биенестэй сайд нар татгалзаач ээ гэж уриалга өгч байгаа юм.
-Та Сингапурын жишээг авч ярьдаг. Тус улс байгалийн баялаггүй хэрнээ асар хурдацтай, маш сайн хөгжсөн. Бид эдийн засаг, эрх мэдлийн хувьд үндэсний аюулгүй байдал алдагдаж гээд яриад байгаа. Хөгжсөн орны маш олон жишээ байхад яагаад ингэж яриад байдаг юм бэ?
-Өглөө болгон миний уншиж, дотор харанхуйлдаг мэдээ нөгөө хоёрт, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад очиж л байгаа. Тэгээд яагаад энэ мэдээнүүдийнхээ араас арга хэмжээнүүд авдаггүй юм бол доо. ҮАБЗ дээр яагаад нүүрэлсэн энэ аюулыг ярьдаггүй юм.
Өнөөдөр намайг Хятадын эсрэг үзэлтэн хүн гээд яриад сурталчлаад байдаг. Энэ бол Гадаад харилцааны сайдын хийж байгаа ажил. Би хятадуудын эсрэг юу ч яриагүй. Зүгээр л нэг улсаас хараат эдийн засаг байна. Бидний эдийн засаг 90 хувь нь урд хөршийнх болчихсон байгааг ярих ёстой. Өнөөдөр УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд ч үүнийг ярих ёстой. Ерөнхий сайд анх ажлаа авангуутаа л дуугарах ёстой. Тэгэхээр бид эдийн засгаа төгөлдөржүүлэх ёстой. Нэг талын эдийн засаг байгаа тохиолдолд бид хөгжихгүй. Энэ бидний яриад байгаа үндэсний аюулгүй байдлаас хэзээ ч гарахгүй.
Жишээлбэл, Бурхан шашнаа шүтэх асуудал ярихад л шүтэж болохгүй гэхээр юу гэсэн үг вэ. Далай ламаа урья гэхээр болохгүй гэж байна шүү дээ. Бид хараат болчихсон байна. Үүнийг мэдээж урд хөрштэйгээ ярина. \”Бидний дотоод асуудал руу битгий орооч ээ. Бид танай дотоод асуудал руу ордоггүй шүү дээ. Бизнес хийхдээ харилцан ашигтай байя. Манай бүтээгдэхүүнийг та нар ав. Манай юмыг битгий хямд авч бай” гэж ийм л юмыг ярья гэж бодож байгаа.
–Бидний ярилцах цаг өндөрлөх гэж байна. Сүүлийн хормуудыг танд үлдээе?
-Хийх гэж байгаа ажлуудаа би бүгдийг маргааш хийх биш. Институцээ бүтнээр нь хараад, зөвлөхүүдээ бүгдийг аваадахъя. Тэгээд бүгдийг нь зарлана аа. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз маш том түшиг болоосой гэж хүсч байна. Намайг сонгосон 600 гаруй мянган хүний дэмжлэгийг би авсан. Тэдний дэмжлэгийг дахиж авмаар байна. Нөгөө талдаа надад итгээгүй хүмүүсийн дэмжлэгийг бас авмаар байна. Тэр юу вэ гэхээр, саяын яриад байгаа бүтээн байгуулалтыг би эхлүүлнэ. Хийх ажлуудаа танилцуулна. Комментуудаа өгөөрэй, дэмжээрэй. Ингэж байж бид Монгол Улсыг балчиг шавраас гаргаж авна. Ингэж байж өнөөдөр Монгол Улсын доошоо уруудаж байгаа уруудлыг зогсооно.
-Та бол Монгол Улсын бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч хүн. Танд маш олон хүн итгэл өгсөн. Цаашид бүр ч их зүйлийг хийнэ гэж итгэж байгаа байх.
-Эв нэгдэл гэдэг нэрээр янз бүрийн асуудал чирч яваад байдаг. Тиймээс Монголын баялгийг сорж байгаа хэдэн гэр бүлтэй эвлэрэхгүй. Тэдэнтэй бол үнэнээ хэлж байгаад тэмцэнэ. Хулгай хийсэн зүйлээ одоо гаргаж тавь. Гурван сая иргэдтэйгээ бол эв нэгдлийн тал дээр санал солилцож явна.
-Баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
-Баярлалаа.
President.mn