Засгийн газрын
2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэвэр авагчийн тэтгэврийн
зээлийн хүүг бууруулах зорилтын хүрээнд тэтгэвэр авагчдын тэтгэврийг хугацаанд
нь шуурхай олгох, тэтгэвэр авагч өөрийн сонгосон банкаар тэтгэврээ авах
боломжийг бүрдүүлэх зорилгоор Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас
2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тэтгэвэр авагч өөрийн сонгосон
банкаар тэтгэврээ авах ажлыг эхлүүлэв.
Уг арга хэмжээг улсын хэмжээнд 2 үе шаттай зохион
байгуулж байгаа бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн шинээр
тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэврийг сонгосон банкаар нь, 2016 оны 12 дугаар
сарын 15-ны өдрөөс эхлэн нийт тэтгэвэр авагчдаас банкаа солих хүсэлтийг нь
хүлээн авч шийдвэрлэж байна. Энэхүү ажлын хүрээнд тэтгэвэр авагч банкаа сонгох,
өөрчлөх хүсэлтийг төв, орон нутгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд
хүлээн авч, хүсэлт гаргасан тухай бүр нь шийдвэрлэн ажиллаж байна.
Дээрх ажлын үр дүнд улсын хэмжээнд нийтдээ 38309, үүнээс шинээр тэтгэвэр тогтоолгосон 23443 иргэн, тэтгэвэр авч байсан 14866 тэтгэвэр авагч өөрийн сонгосон банкаар дамжуулан
тэтгэврээ авч байна.