\”Д” аминдэм таны хүүхдэд ямар ашигтай вэ?
Хүний биемахбодын бодисын солилцоонд чухал үүрэгтэй олон янзын бодисууд байдаг бөгөөд эдгээрээс Д аминдэм ясны бүрэлдэхүүний үндсэн хэсэг болох кальци, фосфорыг цусанд зөв зохистой харьцаагаар тогтоон барьж байх үүрэгтэй. Мөн Д аминдэм нь хүний биеийн дархлаа, эсүүдийн үүсэл, өсөлт хөгжилд нөлөөнө. Жирэмсэн эмэгтэй Д аминдэийг хангалттай хэмжээгээр авснаар жирэмсний сүүлийн саруудад эхийн цусан дах Д аминдэм цусаар дамжин урагт нөөцлөгдөж, энэ нь төрсний дараа нэг сарын дотор нялх хүүхдийн хэрэгцээг хангахад зарцуулагддаг.
\”Д” аминдэм дутахад:
• Бага насны хүүхдэд Д аминдэм дутснаар сульдаа буюу рахит үүснэ
• Насанд хүрсэн хүнд яс сийрэгжилт үүсэхээс гадна халдварын бус олон өвчнөөр өвчлөхөд хүргэх эрсдэлтэй байдаг
Рахит өвчин хор уршигтай юу?
Зарим эцэг эхчүүд хүүхэд томрох үед Рахит өвчний үед илэрдэг хүүхдийн толгой томрох, хөл майга болох гэх мэт шинжүүд аяндаа алга болдог мэтээр тайвширч болохгүй. Рахит өвчин өөр бусад өвчинтэй хавсраагүй үедээ хүүхдийн амь насанд аюул учруулахгүй хэдий ч эцэстээ дараах хэд хэдэн хор уршигт хүргэнэ:
1. Энэ өвчний үед хүүхдийн ясны бүтэц алдагдаж, ясжих үйл ажиллагаа удааширч, биеийн эсэргүүцэл сулран өвчлөмтгий болно.
2. Бодисын солилцоонд гүнзгий хямрал гарч дотоод эрхтэн системийн үйл ажиллагаа алдагдана.
3. Рахитаар өвчилсөн хүүхдүүд бие бялдар, ой тогтоолт, оюун ухаан сэтгэхүйн хувьд үе тэнгийнхнээсээ хоцронги байдаг.
4. Биеийн гадаад үзэмжийг эвдэнэ.
5. Эмэгтэй хүүхэд насанд хүрэхэд аарцаг багатай болдог тул төрөхөд хүндрэл үүсч болзошгүй.
6. Насанд хүрэхэд яс сийрэгжих магадлал нэмэгддэг.
Жирэмсэн эмэгтэйд Д аминдэм дутагдвал хүүхэд төрөхдөө рахиттай төрнө. Үүнээс сэргийлэхийн тулд:
Зуны улиралд жирэмсний хугацаа таарч байгаа бол 7 хоногт 2-3 удаа 10-15 минутаар наран шарлага хийх. Энэ нь 10000 нэгж Д аминдэмийг амаар уусантай тэнцэх хэмээний аминдэмийг нарны гэрлийн нөлөөгөөр өөрийнхөө арьсанд үүсгэж авах боломжтой юм.
Хүйтэн сэрүүний улиралд жирэмсний хугацаа таарч байгаа бол Д аминдэм агуулсан хоол хүнс хэрэглэхээс гадна Д аминдэмийг эмчийн заавраар нэмэлтээр уух шаардлагатай.
https://www.facebook.com/chimgee.mishigdorj?fref=nf