Өнөөдөр есдүгээр сарын 11-ний өдөр. Бидэнд жирийн л нэг ажлын өдөр. Харин Америкчуудын хувьд энэ өдрийг хар дарсан өдөр гэж нэрлэдэг. Дэлхий дахиныг айдаст автуулж, олон мянган хүний аминд хүрсэн террорист ажиллагаа энэ өдөр болсон билээ. Одоогоос 16 жилийн тэртээх энэ өдөр АНУ-ын Нью Йорк хотноо байрлах дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхаг халдлагад өртөж, улмаар 2000 орчим хүн харамсалтайгаар амиа алдсан юм.
Халдлагаас хойш энэ өдөр америкчууд амиа алдагсдад хүндэтгэл үзүүлдэг бол эрх баригчид террористуудын халдлагад өртөж, нуран унасан ихэр худалдааны төвийн суурин дээр тэдэнд зориулж дурсгалын хөшөө босгожээ. Энэ өдөр уламжлал ёсоор Нью Йорк хотод халдлагаар амиа алдсан 2983 хүний нэрийг нэг бүрчлэн дуудаж, халдлага болсон цаг минутад улс даяараа нэг минут дуугаа хурааж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
\”Хэрвээ цаг хугацааны машин байсан бол тэр аймшигт өдөр хэдэн хүнийг аварч, хэдэн хүнийг аюулаас холдуулах байсан бол. Бид түүхээ мартах учиргүй. Бид есдүгээр сарын 11-ны халдлагыг мартах учиргүй. Бид иргэдээ мартах учиргүй” хэмээн тус улсын Ерөнхийлөгч асан Жорж Буш халдлагын дараа ийнхүү мэдэгдэж байсан юм.
2001.9.11-ны өдөр. Нар ээсэн дулаахан өдөр байсан. Орон нутгийн цагаар 8.46 цагт ихэр худалдааны цамхагийн хойд цамхагийг мөргөлөө. Энэхүү халдлагаас хагас цагийн дараа буюу 9.03 цагт террористууд өмнөд цамхагийг мөргөв. Ингээд л нар ээсэн дулаахан өдрийг өөрчлөгдөж, Нью Йоркийн тэнгэрийг хар утаа бүрхэн авсан байдаг. Хаа сайгүй орилох хүмүүсийн дуу.
Ихэр цамхаг террорист этгээдүүдийн халдлагад өртөөд хагас цагийн дараа \”American Airlines”-ийн онгоц Пентагоныг мөргөсөн бол 9.59 цагт \”United Airlines”-ын онгоц Пенсильванийн Шенксвиллд унасан байна. Америкт ийнхүү ганцхан цагийн дотор дараалласан дөрвөн халдлага болсон юм. Орон нутгийн цагаар 10.28 цагт халдлагад өртсөн ихэр цамхагууд нуран унажээ. Халдлагын захиалагчийг АНУ-ын тагнуулын байгууллага \”Аль Кайди” бүлэглэлийн тэргүүн Осама Бин Ладен хэмээн мэдэгдэж, \”Америкийн номер нэг дайсан” гэж зарлаж байв. Харин Бин Ладенг 2011 онд устгажээ. Гэвч террористууд аюул заналхийлсээр л байгаа…