Хойд Солонгос есдүгээр сарын 3-ны өдөр цөмийн зэвсгийн
туршилт хийсэн. Үүний дараа Пунги Ригийн талбайгаас цацраг идэвхит бодис
илэрсэн байна. Мөн цаашид тархах магадлал өндөр байгааг зарим шинжээчид
тайлбарлажээ.
Ким Жон Ун ердөө найман сарын хугацаанд цөмийн гурван ч
туршилтыг Пунги Ригийн талбайд хийчихсэн. Энэ нь хор цацрагийг тархах аюулыг
улам нэмэгдүүлж өгсөн байна. Хэрвээ Пунги Ригийн талбайд хуримтлагдсан цацраг
гадагш тархвал дан Хойд солонгост ч бус зэрэгцээ оршиж буй улс орнуудад хүрэх
аюултай гэдгийг Өмнөд солонгосын Сежон Хүрээлэнгийн ахлах судлаач Пек Хак Сон
хэлжээ.
Мөн сүүлийн цөмийн туршилтын дараа Хятадын байгаль орчны
яам Хойд солонгостой хил залгаа дөрвөн мужийн нутагт цацрагийн хэмжилт хийсэн
байна. Энэ хэмжилтээр сэжигтэй зүйл илрээгүй ч сонор сэрэмжээ алдаж болохгүй
гэдгийг мэдэгдсэн байна.
Хятадын
судлаач Вей Шижэ \”Бидэнд цацраг идэвхит бодис бүртгэгдэх нь цаг хугацааны л
асуудал болоод байна. Туршилт хийсэн хонгилын дээрх уул хөрсөндөө хагаралтай
болчихсон. Тиймээс хэзээ ч цацраг гадагш алдагдаж болзошгүй. Түүнийг таамаглах
аргагүй. Туршилтын талбайн ойролцоох хөрс, ус хордож, ургамал, амьтдад нөлөөлж
эхлээд байна. Эцэстээ хүнд нөлөөлөх болно” гэжээ.
Сөүлийн
Цөмийн Аюулгүй байдлын зөвлөлөөс хөрс, агаар, усны дээжид шинжилгээ хийхэд
ксенон хэмээх цацраг идэвхит бодис илэрсэн байна. Үүнийг сүүлд хийсэн цөмийн
туршилттай холбоотой гэж тайлбарлажээ.