Тэгвэл Ц.Баярцогт нэртэй төрийн албан хаагч, хэлтэс, албаны дарга байхгүй гэдэг тайлбарыг зарим байгууллагууд өгч эхэллээ. Тухайлбал, \”Автотээврийн үндэсний төв\” ТӨҮГ-аас Ц.Баярцогт гэх газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгджээ.
Бид төрийн байгууллага, цаашлаад төрийн өндөр дээд албан тушаалтан л маяк буюу дуут дохио ашигласан автомашин хөлөглөдөг гэсэн ойлголттой байдаг. Тиймээс Ц.Баярцогт гэх залууг төрийн аль нэг байгууллагад тодорхой албан тушаал эрхэлдэг гэж ойлгож байлаа. Гэтэл мань хүн банк бус санхүүгийн байгууллагын эзэн болж таарав. Мөн маяктай автомашин нь түүний компанийн мэдлийн буюу төрд ямар ч хамааралгүй машин байх аж.
Тэгэхээр төрийн хамгаалалтын бус хувийн компанийн автомашинд тусгай дуут дохио ашиглах зөвшөөрөл олгосон тэр албан тушаалтан энэ хэрэгт татагдаж магадгүй болчихоод байна. Үнэндээ зөвшөөрөл олгоогүй, хэн ч бааварлахгүй л байсан болов уу. Харин хэн нэгэн албан тушаалтны хариуцлагагүй үйлдлээс болж учир утгагүй улс төржилт явагдаж, дүрэм зөрчсөн Ц.Баярцогт олон улс төрчийн хамаатан, хүргэн, хүү, дүү, үеэл, үндсэн, гарал угсаа нэгтэн болов.
Шаардлага тавьсан цагдаад салаавч үзүүлсэн нь түүний буруу. Түүнээсээ болоод л олны танил болчихлоо. Гэхдээ Ц.Баярцогтыг буруутгаж, \”толгойг нь хага цохь” гэж бичиж болмооргүй санагдах юм. Дээрэнгүй, жудаггүй эр хүн байсан. Гэвч эр нэг алдаж, эргэн нэг нурдаг гэдэг дээ. Түүнд алдаагаа засч, гэмээ ухаарах боломж олгоод үзвэл яасан юм бэ. Од болсон шигээ олон нийтэд хандаад уучлалт гуйчих ухамсар залуу хүн бий байлгүй дээ. Цөөхөн Монголчууд бид нэгнээ бүдэрч унах бүрт нь шоолж инээхийн оронд алдаагаа засах боломжийг олгож, хамтдаа хөгжмөөр санагдах юм.
Шархүү