Сүүлийн үед гадаадын иргэд и-мэйл, фэйсбүүкийн хуурамч хаяг ашиглан манай улсын иргэд рүү танилцах хүсэлт явуулан тэдэнтэй танилцаж улмаар өөрийгөө АНУ-ын иргэн, энхийг сахиулах үүрэг гүйцэтгэдэг, АНУ-ын цэргийн командлагч, генерал цолтой гэх мэтээр худлаа танилцуулж, итгэлийг нь олж аван залилсан хэргүүдийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шалгаж байна.
Манай иргэд, аж ахуйн нэгжүүд гэнэн итгэмтгий зан, интернетийн сүлжээ, компьютерийн мэдлэг муугаасаа болж энэ төрлийн залилангийн гэмт хэргийн хохирогч болж эд хөрөнгө, сэтгэл санааны хохиролд амссаар байгаа юм.
Тухайлбал, Фэйсбүүкээр өөрийгөө АНУ-ын иргэн Роберт Люди Эмил Ирак улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа, АНУ-ын цэргийн командлагч гэж худлаа мэдээлэл өгч танилцуулсан этгээд манай улсын иргэнтэй харилцаж, улмаар Индонез улсын Жакарта хотод эдийн засгийн хамгаалалтын компанид байршуулсан миний нэр дээрх 5 сая ам,доллар бүхий хайрцгийг Монгол Улс руу шилжүүлэн авч хадгалж байх санал тавьж, өөртөө итгүүлэн энэ мөнгийг авахын тулд урьдчилан шилжүүлгийн зардал төлөх ёстой мэтээр ойлгуулж 20 мянга 750 евро Индонез улс руу шилжүүлэн залилан авсан хэрэг үйлджээ.
Энэ төрлийн гэмт хэрэгт өртөн хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах боломжгүй юм. Учир нь мөнгө залилан авсан залилагч этгээдийг тогтоох боломжгүй, тухайн этгээдтэй холбогдох мэдээлэл байдаггүй буюу энэ төрлийн хэргийг үйлдэхдээ хуурамч нэр, хаяг, и-мэйл, утасны дугаарыг зөвхөн нэг л удаа ашигладаг байна. Мөн тухайн этгээдийг манай улсад авчрах, шалгах эрх зүйн зохицуулалт байхгүй.
Манай улстай иргэний болон эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээгүй орны иргэд уг залилангийн хэргийг үйлддэг аж.