Дорноговь аймгийн
Замын-Үүд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангийн
сурагч, найман настай охин сураггүй алга болоод зургаа дахиа хонож байна.
Охиныг Д.Сэржмядаг гэдэг бөгөөд 130-150 см өндөртэй. 2017 оны 11 сарын 2-ны
өдөр 13:30 цагийн үед сургууль дээрээ харагдсанаас хойш сураггүй алга болсон,
Эрлийн ажиллагаанд сумын
иргэд, цагдаагийн байгууллагын алба хаагчид, сургуулийн хамт олон гэх мэт
500-гаад хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа байна.
Хил
гаргасан байж магад гэх үндэслэлээр мөн л шалгалтын ажиллагаанууд хийхэд ямар
нэг сэжүүр, баримт олдохгүй эрэл мухардаад байгаа гэж эх сурвалж мэдээлэв.
Нутгийн иргэдийн ярьж байгаагаар, нэг ноцтой мэдээлэл байгаа нь охиныг алга
болдог өдөр буюу 11-р сарын 2, 3-нд олон тооны хятад иргэд Эрээн хотыг зорьсон
гэх мэдээлэл. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Н.Ганбадралаас
тодруулахад \”Эрлийн ажиллагаа эхэлсэн эхний өдөр 250 орчим хүний бүрэлдэхүүн
оролцсон. Дараагийн өдрөөс хайлтын баг 500 хүний бүрэлдэхүүнтэй болгон нэмж
хайж байна. Хил гарч явсан байх магадлалтай гэсэн үндэслэлээр бүхий л боломжит
арга хэмжээг авч ажиллаж байна. Замын-Үүдийн цагдаагийн хэлтсээс Эрээн хотын
консултай хамтран ажиллаж байгаа. Энэ өдрүүдэд хил гарсан хүмүүсийн мэдээллийг
авч, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.
Охиныг эрэн хайх
ажиллагаа орон даяар явагдаж байна. Цагдаагийн газраас 21 аймаг, нийслэл,
дүүргийн Цагдаагийн байгууллагад албан ёсоор мэдээлээд байна. Охины талаар үнэн
бодит мэдээллийг цагдаагийн байгууллагын 70527102 дугаарын утсанд хүлээн авч
байна.