Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-ын Элчин сайд Суреш Бабуг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Түүхэн болон соёлын хэлхээ холбоо, ардчиллын үнэт зүйлс, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах хоёр талын хамтын хүсэл эрмэлзэлд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа \”Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.Мөн өндөр, дээд түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлууд хэрэгжиж байгаад талархлаа илэрхийлээд БНЭУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг үр дүнтэй ашиглахад онцгой анхаарна гэлээ.
Хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээр, түүнд тусгасан нэмэлт өөрчлөлтийн дагуу газрын тос боловсруулах үйлдвэрийг дамжуулах шугам хоолойн хамт барьж байгуулах нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулж эхэлсэн байна. Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын үеэр яригдсан нөгөө чухал асуудал нь Мэдээллийн технологийн аутсорсингийн төв байгуулах төсөл юм. Газар зүйн байршил, дэд бүтэц, хүний нөөц зэргийг бодолцоход энэ төв цаашид мэдээллийн Data center болж өргөжих боломжтой юм. Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих эдгээр төслийг хэрэгжүүлэх техникийн баг өнөөдөр Улаанбаатарт ирж байна, уулзалт, сургалт зохион байгуулна. Ирэх оны эхний улиралд газрын тосны үйлдвэр байгуулах тендер зарлах боломжтой гэж ноён Элчин сайд Суреш Бабу хэллээ.
Онцгой байдлын ерөнхий газрын 25 албан хаагч Энэтхэг Улсад сургалтад явж байгаа. Хилийн хамгаалах ерөнхий газрын Удирдлагын төв байгуулахад техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ. Мөн харилцан туршлага солилцох, мэргэжилтэн сургах ажлыг хийнэ зэрэг ажлыг зохион байгуулж байгаа гэж Элчин сайд хэллээ.
Уулзалтын үеэр яригдсан бас нэг асуудал нь Энэтхэг Монголын хооронд шууд нислэгтэй болох талаар санал солилцов. Шууд нислэгтэй болсноор бизнес, аялал жуулчлал хөгжих төдийгүй хөрөнгө оруулагчдыг татна. Мөн дээрх том төслүүдийн ажлыг эрчимжүүлэхэд тустай гэдгийг хоёр тал онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.