Ерөөсөө л хилэгнэж байгаа гол шалтгаан
амьдралын дээд болон доод туйл. Юу ч хийдэггүй, эсвэл хэдэн шил лааз түүгээд
олсон мөнгөөрөө архи аваад уучихдаг бүлгийг энд багтаахыг хүссэнгүй. Тэд харин
ч жаргалтай улс. Санаа зовох зүйлгүйгээр өдрийнхөө уух архины төлөө л амьдарч
байна. Харин доод туйлынхан буюу цалингаараа амьдрагсдын хилэгнэл дээд цэгтээ
хүрээд байна. Та хар л даа насаараа ажил хөдөлмөр эрхлээд 30 метр квадрат нэг
өрөө орон сууцны зээлээ л төлж дуусч байна. Гэхдээ энэ зээлд хамрагдахын тулд
банкныхны гарыг цайлгаж, ар өврөөр нь гүйж байж л бүтээж байгаа. Сар бүр авдаг
500 мянган төгрөгөө амьдралдаа хүргэх гэж яаж зүтгэж байгааг бид бүгд л мэднэ.
Харин дээд туйлынхны амьдрал үлгэрийн юм
шиг л сар руу тэмүүлж байна. Бизнес эрхэлдэг, олон мянган хүнийг ажлын байраар
хангаж байгаа хүмүүс энд багтахгүй. Харин төрд ажилладаг бидэнтэй л адил цалин
авдаг гэх хэдхэн хүнийг энэ дээд туйлынхан гэж мөрөөдлийн газар багтаачихаад
байгаа юм. Тэд яаж амьдардаг, яаж цалиндаа гар
хүрэхгүйгээр амьдардаг, яаж энэ олон орон сууц, үнэтэй автомашиныг аваад
байгааг үнэхээр мэдэх юм алга. Авлига, хээл хахууль байлаа ч гэсэн ингэтлээ
гаарчихаагүй байх гэж итгэх юм.
Нийт олонх нь лизингдээ дарлуулж амьдарч
байхад цөөнх нь татвар төлөгчдийн мөнгийг өөрийнх юм шиг халаасалж, үр хүүхдээ
гадны их дээд сургуульд үнэ төлбөргүй сургаж, нэг ёсондоо тансаглаж байна. Ийм амьдралын хоёр туйлыг бий болгож
чадаж байгаад нь гомдоллоод ч яах билээ. Үнэндээ тэдэн шиг ухаан гаргаж, төрийг
удирдах нэрээр халаасаа түнтийлгэж чадахгүй автобус хүлээж зогсож байгаа нь
бидний хохь юм уу даа.