АТГ-аас Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаярыг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнийг нэр бүхий компаниудад олон улсын ачаа тээврийн зуучийн эрх олгох зөвшөөрлийг гаргаж өгөхийн тулд эрх мэдлээ урвуулан ашиглаж удаа дараагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан хэргээр шалгаж байгаа юм. Ингэхдээ АТГ-аас прокурорын зөвшөөрөлтэйгээр түүний гэрт нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө илрүүлэн эд мөрийн баримтаар хураан аваад байгааг хэвлэлүүд өмнө нь онцолж байсан. Тэгвэл саяхан түүний хэргийг мөрдөн байцаах явцад дахин нэг авлигын ноцтой хэрэг илэрчээ. АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаярыг олон улсын ачаа тэврийн С хэмээх зөвшөөрлийг нэгэн компанид олгохын тулд уг компанийн захирлаас 300 гаруй мянган юань буюу 111 гаруй сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэж эхэлсэн байна.
Ж.Бат