Монгол Улсаа төлөөлөн \”Пёнчан-2018” өвлийн олимпийн 23 дугаар наадмын цасан замд уралдах гурван тамирчны болон багийн бүрэлдэхүүний албан ёсны хувцсыг өчигдөр гардууллаа. Монголын баг тамирчдын хувцсыг дотоодын үйлдвэрлэгч \”Төмөр трейд” компанийн хамт олон урлажээ.
Энэ удаагийн олимпийн наадамд манай улсаас гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10 км-ын зайд Б.Ачбадрах, эмэгтэйчүүдийн 15 км-ын зайд Ч.Отгонцэцэг нар оролцох бол паралимпийн цанын төрөлд Б.Ганболд өрсөлдөх эрхээ авсан юм. \”Пёнчан-2018”-д эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад олимпийн нээлт, хаалтын ёслол болон бэлтгэлд өмсөх иж бүрэн хувцсыг ийнхүү үндэсний үйлдвэрлэгчид бүтээжээ.
Тухайлбал, Монголын баг тамирчид \”Төмөр трейд” компанийн куртка, ”Нано вүүл” компанийн ноолууран малгай, ороолт, бээлий, \”Цэрэн наран” компанийн \”Joma” брэндийн бэлтгэлийн нимгэн хувцас, \”Их хэнгэрэг” компанийн \”Ханхүлэг” брэндийн арьсан цүнхээр гангарах юм. Монголын баг тамирчдын бэлтгэлийн хувцас хэрэглэлийг урлан бүтээсэн тус компаниуд нээлттэй тендэрээс шалгарч, Үндэсний шигшээ багийн хувцас хэрэглэлийг гүйцэтгэсэн байна.