УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар татвар, даатгалтай холбоотой хуулийн хэрэгжилтийн судалгаа, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцсэн юм. Тодруулбал, уг ажлын хэсэг нь УИХ-ын 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр баталсан \”Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, \”Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, \”Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулиудын хэрэгжилтийн талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэгтэй байх юм.
Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ, Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлж баталсантай холбогдуулан иргэдээс 6700 гаруй өргөдөл, гомдол тус Байнгын хороонд ирүүлсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Батзандан Б.Энх-Амгалан, Л.Энхболд, Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж, М.Билэгт нар үг хэлж, байр сууриа илэрхийлэхийн сацуу санал хэлж байв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хэлэлцээ хийж буй энэ үед уг асуудалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулахыг түр хойшлуулах тухай горимын санал гаргав.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан, эргэж буцсан шийдвэрүүдийг Засгийн газар гаргаж байна, эдгээр шийдвэрийн дүнд улсын төсөвт ямар хүндрэл учирж буй талаар тодруулахад Татварын ерөнхий газрын дарга Д.Занданбат хийсэн тайлбартаа, энэ оны хоёрдугаар сарын 10-н гэхэд эцсийн дүн гарна. Урдчилсан тооцоогоор, хуримтлагдсан татварыг эргүүлэн олгоход хүндрэл гарахгүй гэлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүд, Монгол Улс өрийн дарамтанд орж байх үед нэн хөнгөлттэй зээл авах шаардлагатай тулгарсан. Энэ үед Засгийн газар ОУВС-тай гэрээ байгуулснаар донор орнуудаас нэн хөнгөлттэй зээл авч, өмнөх өндөр хүүтэй өрийг барагдуулсан. Өнөөдөр эдийн засагт эерэг дүн гарч, Монголбанк 500 гаруй сая ам.долларын валютын нөөцтэй болсон төдийгүй тус сантай зөвшилцсөний дүнд Засгийн газраас УИХ-д хууль өргөн барих гэж байна. Эдийн засагт өнөөдөр эерэг үзүүлэлт гарснаар татварыг тэглэх боломж нээгдэж байна. Энэ шийдвэр бол эргэж буцсан шийдвэр биш гэдгийг ард иргэддээ ойлгуулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв. Ийнхүү ажлын хэсэг байгуулах асуудлыг түр хойшлуулах тухай санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив.