Энэ сарын 3-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0132-р ангийн хилчид шөнийн цагаар хууль бусаар хил нэвтэрсэн, БНХАУ-ын автомашинтай долоон иргэнийг илрүүлэн баривчилсан байна. Тодруулбал, урд хөршийн тэдгээр иргэд шөнийн цагаар хууль бусаар ан хийж яваад төөрсөн байж болзошгүй хэмээн албаныхан мэдээлж байгаа юм. Тэднийг хилчид Монгол Улсын хилийг зөрчиж байхад нь илрүүлсэн аж.
Хилийн цэргийн 0132-р ангийн алба хаагчид хил зөрчсөн хятад иргэдийг саатуулан энэ сарын 6-ны өдөр Дорнод аймгийн төвд аваачиж, улмаар Хятад улсад хүлээлгэн өгсөн талаар эх сурвалж мэдээлсэн юм.
Хил зөрчсөн Хятад улсын иргэдийг илрүүлсэн 3-4 хилчнийг ажил үүргээ сайн биелүүлсэн хэмээн үзэж онц хилчин тэмдгээр шагнахаар болжээ. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэл авах гэсэн боловч \”Командлагч нар мэдээлэл үзээд, нууцын зэрэглэлд хамаарахгүй бол мэдээлэл өгнө” гэв.