Учран золгож буй XVII жарны \”Тийн унжлагат” хэмээгч
Шороон нохой жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өлзий дэмбэрэл бүрдсэн
өдрийн амар мэндийг айлтгая.
Азай буурлаа хүндэтгэж, ахуй соёлоо түгээж, аз хийморийг
бэлгэдэн угтдаг, Монгол түмний эртний уламжлалт сар шинийн баяр тохиож
байна.
НИТХ улиран одогч тахиа жилд хотын ажил, амьдралтай
холбоотой олон чухал асуудлыг шийдвэрлэн ажиллалаа. Нийслэлийн 2018 оны төсөв,
хөтөлбөрүүдийг хэлэлцэн баталж, аливаа тендер, төслийг төлөвлөсөн цаг хугацаанд
нь хэрэгжүүлэх болон иргэдийг чирэгдүүлж байгаа газрын харилцаатай холбоотой
асуудлыг судлан, олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, холбогдох
газруудаар нь шийдвэрлүүлэхээс эхлээд төрийн байгууллагын бүх шатанд сахилга,
дэг журам, хариуцлага, бүтээмжийг дээшлүүлэн ажиллахыг үүрэг болгож,
хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна.
Бид айлчлан ирж буй шороон нохой жилд юуны өмнө иргэдийнхээ
эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд ажиллаж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэхийн
тулд нийслэл хотын агаар, хөрсний бохирдлыг доривтой бууруулах, орон сууцжуулах
хөтөлбөрийг иргэдийн амжиргааны боломж, хот төлөвлөлтийн бодлоготой уялдуулан
хэрэгжүүлэх, авто замын ачааллыг бууруулах, зам дэд бүтцийн нэвтрэх чадварыг
сайжруулах хүрээнд дүүрэг, хороо, гудамж, талбайн хайс, хашааг цэгцлэхээс
эхлээд томоохон зам, гүүрэн гарцын ажлуудыг эрчимжүүлэхээс гадна хотын иргэн
бүр дагаж мөрдөх Нийслэлийн дүрмийг боловсруулах зэрэг ажлуудыг эхэллээ.
Монголчууд та бид \”өвлийг өнтэй сайхан давлаа” хэмээх
бэлгэдэлт сайн үгээр улиран одож буй оноо үдэж, \”өгөөж хишгээ хайрлах
буянтай цаг айсуй” гэсэн билгийн сайхан ерөөлөөр айлчлан ирж буй сар, шинээ
угтан золгодог билээ.Нийслэлчүүд та бид Нохой жилдээ өрнүүн их үйлийг
бүтээж, өөдрөг бүхний дээдээр бялхаж явахыг ерөөе!
Сар шинэдээ сайхан
шинэлээрэй.
НИЙСЛЭЛИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА С.АМАРСАЙХАН