Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон 2015 оныг Зэвсэгт хүчний ахлагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөгжлийг нь дэмжих жил болгосон билээ. Энэ ажлын хүрээнд ЗХЖШ-ын Тэргүүн ахлагчаас өгсөн чиглэлийн дагуу анги тус бүр дээр бүтээн байгуулалтын болоод ахлагч нарынхаа хөгжлийг дэмжсэн ажлууд шат дараалан хийж байна. Тэд бүтээлч ажлын хажуугаар нийгмийн төлөөх сайн үйлсийн аянд ч мөн нэгдсээр байгаа ажээ. \”Найрсаг Улаанбаатар\” төсөл хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хог хаягдлыг цэвэрлэж, багачуудын түлэгдлийг эмчлэх тоног төхөөрөмж авах \”1000 төгрөг\” төсөлд нэгдсэн зэрэг олон хүмүүнлэгийн ажлыг дурдаж болох юм. Энэ удаа Зэвсэгт хүчний ахлагч нар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх ”Хүүхэд-Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус төвийн хүүхдүүдтэй уулзав. Баянзүрх дүүргийн Амгаланд байрлах тус төв нь 1991 онд төр, засгийн шийдвэрээр \”Итгэл” төв нэртэйгээр байгуулагдсан байна. Нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийг халамжлан хүмүүжүүлдэг цогцолбор юм. Цогцолбор төвийн багачуудын 70 гаруй хувь нь өсвөр насныхан байдаг учраас тэдэнд цэрэг эх оронч хүмүүжлийг олгох, эх орныхоо төлөө зүтгэх хүсэл тэмүүлэлтэй болгох зорилготойгоор дээрхи арга хэмжээг зохион байгуулжээ. Зэвсэгт хүчний 337, 353, 303, 065 дугаар ангийн тэргүүн ахлагч нар багачуудад анги бүрийнхээ үүрэг зориулалтыг танилцуулахын сацуу энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдын төлөөлөл сонирхолтой яриа өрнүүлсэн байна.