Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээр 2016 онд улсын хэмжээнд найман хүүхэд, 2017 онд 11 хүүхэд эцэг эхдээ гологдож, хаягдсан гэсэн харамсалтай тоон мэдээлэл байна. Харин 2018 он гарсаар эхний хоёр сарын байдлаар төрүүлсэн үрээ хогийн саванд, айлын хашаанд гэх мэт аймшигт сэдлээр үр хүүхдээ хаясан гурван тохиолдол бүртгэгдээд байгааг эх сурвалж мэдээллээ.
Энэ сарын 2-нд гэхэд нийслэл хотод ийм хэрэг дахин бүртгэгдсэн байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 20-р хороонд явж байсан иргэн өглөө 11 цагийн орчимд дулааны шугамын засварт цэнхэр хадганд боолттой зүйл байгааг харжээ. Улмаар лавшруулан харахад хадганд ороосон, дөнгөж төрсөн нярай хүүхдийн цогцос байсан аж. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгснөөр эхийг нь хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Хүүхдээ “хаях, төөрүүлэх” гэсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “зорчих эрхийг таван жил хорих, таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ
2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн шинэчилсэн хуульд заасанчлан хүүхдээ “хаях, төөрүүлэх” гэсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “зорчих эрхийг таван жил хорих, таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байна.
16.3 дугаар зүйл. Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх
1. Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.