БНСУ-ын Пёнчан хотод өнөөдөр өвлийн XII паралимпийн наадам нээлтээ хийнэ. Пёнчан хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн ажиллагаа Улаанбаатарын цагаар 21.00-с эхэлнэ.
Энэ удаагийн наадам 10 хоногийн турш үргэлжлэх бөгөөд 49 улсын 570 тамирчин уулын цана, гүйлтийн цана, биатлон, хоккей, кёрлинг болон шинээр анх удаа багтсан сноубордын төрлүүдэд өрсөлдөх юм.
Спортын зургаан төрөлд нийт 50 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд медалийн эхний эзэд гүйлтийн цана болон биатлоны төрлүүдэд тодорно.
Монгол Улсаас пара гүйлтийн цанын тамирчин Батмөнхийн Ганболд оролцоно. Тэрбээр 2017 онд Германы Финстрау хотоо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд есдүгээр байр эзэлж, Пёнчанд өрсөлдөх эрхээ авсан билээ.
Пара гүйлтийн цанын тамирчин Б.Ганболд гурван төрөлд уралдах бөгөөд гуравдугаар 12-д 20 км-т, 14-д 10 км-т, 17-ны өдөр 1 км-ийн зайд тус тус хурд, хүчээ сорино.Б.Ганболд Олон улсын паралимпийн хорооноос гаргасан сүүлийн чансаагаар (2018.02.26) LW-6 ангилалд 55 тамирчнаас 23 дугаарт байрт жагсчээ.