Социализмын үеийн хуучин хөргөгч маань эвдэрсэн тул гэр бүлийн хэрэгцээг хангах шинэ хөргөгч худалдан авах даалгавар надад оногдов. Ингээд дөрвөн гэр бүлийн гишүүнтэй айлд тохирох хөргөгчийг судлаж эхлэв. Хүүхдүүд өсөж торниж байна, тэдний хэрэглэх дуртай хоол хүнс юу билээ, гал тогооны өрөөний зохион байгуулалтдаа хэрхэн нийцүүлэх вэ гээд хэсэг бодож тунгаасны эцэст электрон барааны дэлгүүр орж сонголтоо хийхээр шийдэв.
Цахилгаан барааны дэлгүүрээр ороод л тохирох хөргөгчөө аваад гарна хэмээн бодож байсан миний бодол талаар болов. Учир нь дэлгүүрийн худалдагч хөргөгчний зохион байгуулалт, дизайн, хэмжээ, брэнд, үнэ гээд маш олон төрлийн сонголтыг санал болгосон нь шийдвэр гаргахад үнэхээр түвэгтэй болгож орхив. Ингээд гэртээ хариж интернэт ухаж суутал Самсунгийн вэбсайтад байрлуулсан \”Дөрвөн гишүүнтэй гэр бүлд тохирох хөргөгчийг хэрхэн сонгох вэ” гэсэн зөвлөмжийг олж уншлаа. Ингээд уншсан зүйлээ та бүхэнтэй хуваалцъя..
1. Нэг хүнд ноогдох багтаамж
Хөргөгчний багтаамжийг нь метр кубээр хэмжих бөгөөд хөлдөөгч болон бусад хэсгийг оролцуулан тооцсон нийт багтаамжийг цахилгаан бараа бүрийг дагалдан ирдэг хуудсанд тэмдэглэсэн байдаг. Дөрвөн гишүүнтэй айлд дунджаар 0,5-0,6 м3 багтаамжтай хөргөгч хангалттай байдаг.. Гэхдээ шинэ хөргөгч худалдан авахаасаа өмнө таны хуучин хэрэглэж байсан хөргөгч хэрэгцээнд тань хэр тохирч байсныг сайн бодолцон, харьцуулалт хийж үзээрэй. Тухайлбал, дундаж хэмжээний хоол хүнс худалдан аваад хөргөгчиндөө хийхэд сул зай үлдэж байсан уу эсвэл багтаахад төвөгтэй байсан уу?
2. Таны хэрэглээний онцлог
Хөргөгч сонгохдоо танайх хэр өнөр өтгөн айл вэ гэдгээс гадна ямар хоол хүнс түлхүү хэрэглэдгээс хамааран сонголтоо хийх нь зүйтэй. Тухайлбал, хүнсэндээ тогтмол шинэ хүнс, ногоо авч хэрэглэдэг бол тэдгээрийг ангилан хадгалах тасалгааны хэсэг илүү том, саруул байх нь зүйтэй. Харин нэг удаадаа их хэмжээгээр хүнсээ цуглуулдаг, хөлдөөсөн бүтээгдэхүүн ихээр авдаг бол хөлдөөгчний хэсэг том байх нь тохиромжтой байдаг.
3. Тусгай зориулалтын тасалгаа
Зарим тохиолдолд бидний хоол хүнсэндээ хэрэглэдэг бүтээгдэхүүнийг тусгай горим буюу тохирсон хэм, чийгшилд хадгалах шаардлага гардаг. Тиймээс эдгээр нэмэлт тасалгаа, нэмэлт тохиргоо танай гэрт байх шаардлагатай эсэхийг бодолцоорой. Мөн сүүлийн үеийн хөргөгчинд ус, ундаагаа шууд хөргөх хэсэг, мөс хөлдөөгч гэх мэт шинэ үйлдлүүд суурилагддаг болсон ч зай их эзлэдэг, өртөг нэмэгддэг тул онцын шаардлагагүй бол заавал энэ төрлийн хөргөгчийг сонгоод хэрэггүй.
4. Бусад бодолцох зүйлс
За тэгээд худалдан авалт хийхээсээ өмнө ямар зайнд шинээр авсан хөргөгчөө байрлуулах гэж байгаагаа тооцоолж заавал хэмжилт хийж яваарай. Хөргөгчөө байрлуулах орон зайн өргөн, нарийн, өндрөөс гадна хаалга нь аль тал руугаа онгойх зэргийг заавал нягталж тооцоолоорой.
PHOTONEWS.MN