Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийгдэж байгаа билээ.
Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа гарцын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Уг байршилд хийж буй нүхэн гарцын урт 160 метр, өндөр нь таван метр бөгөөд Улаанбаатар хотод баригдаж буй дөрвөн нүхэн гарцаас хамгийн том нь юм. Уг гарцын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сард нээх ба үндсэн байгууламжийг долдугаар сард байнгын ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй аж.
Таван шарын гармын төмөр замын призерийг дайран өнгөрөх авто замын хөдөлгөөн өдөрт дунджаар хоёр цаг хаадаг ба оргил үедээ таван цаг хүрдэг байна. Энэ нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг таван цагаар удаашруулдаг гэсэн тооцоолол гарсан юм.
Нүхэн гарцын зорчих хөдөлгөөн зургаадугаар сард нээгдсэнээр баруун зүгийн авто замын түгжрэл 10.5 хувиар бууруулах ач холбогдолтой.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй хоёр дахь нүхэн гарц бол Геологийн төв лабораторийн уулзварыг эрчим хүчний авто замтай холбох юм.
Тус нүхэн гарц яармагийг нэгдүгээр хороололтой холбохоор хийгдэж буй авто замтай нийлнэ. Өнөөдрийн байдлаар нүхэн гарцын түр байгууламжийг барьж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.