БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн XII паралимпийн наадамд Монгол Улсын тамирчин Б.Ганболд эх орноо төлөөлөн оролцож байгаа. Тэрбээр өнөөдөр Пёнчаны цасан замд гүйлтийн цанын LW 6 ангилалд 20 км зайд уралдаж, 16 дугаар байранд орлоо. Энэ зайд нийт 18 тамирчин гараанаас гарснаас Украины тамирчин И.Рептюк 46:44.6 цагийн амжилтаар алтан медаль хүртсэн бол Францын В.Давет, Норвегийн Хакон Олсруд мөнгө, хүрэл медалийг хүртлээ.
Б.Ганболд 58:27.4 цагийн амжилтыг үзүүлсэн бөгөөд тэргүүлэгчээс +11:13.3 минутын алдагдалтай барианд оржээ. Тэрбээр “Сочи 2014” паралимпийн наадамд анх оролцохдоо 20 км-ын зайд 1:11:08.3 цагийн амжилтыг үзүүлж, 20 тамирчнаас 14-р байр эзэлж байсан юм. Б.Ганболд Пёнчаны цасан замд гурван зайд уралдах бөгөөд гуравдугаар сарын 14-ний өдөр спринт /1,1 км/ уралдаантай. Мөн гуравдугаар сарын 17-нд 10 км-ын уралдаанаар тэмцээнээ өндөрлүүлнэ.