Энэ сарын 11-нд Москва хотноо болсон Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс “аварга”-уудыг тодруулдаг дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучны төрөлд МУГЖ , Соёлын элч дуучин Энхбатын Амартүвшин нэр дэвшиж “Bravo” шагналын эзэн болжээ.
Тэрбээр П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, 2012 ны Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гран при, Английн BBC агентлагийн “Cardiff Singer of the World 2015” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал, БНСУ-ын нийслэл Сөүлд болсон олон улсын тэмцээний гуравдугаар байрын шагнал тус тус хүртэж байсан юм.
“Bravo” шагнал нь Нийтийн ба мэргэжлийн хөгжмийн гэсэн хоёр ангилалд нэр дэвшүүлэн олон улсын шүүгчдийн үнэлгээгээр тодруулан шагнадаг ба шалгаруулалтад уран бүтээлчийн ур чадварыг бодит үзүүлэлтүүдэд тулгуурлан тодорхойлдгоор бусад шагналаас ялгаатай аж. Шагнал гардуулах ёслол хоёр үдэш дараалан үргэлжилсэн бөгөөд эхний өдөр Кремлийн ордонд Английн домогт рок дуучин Rod stewart-т рок попын урлагт оруулсан түүхэн гавьяаг нь үнэлж шагналын эзнээр тодруулжээ.
Дараа нь Их театрт үргэлжлэх мэргэжлийн хөгжмийн шилдгүүд буюу сонгодог хөгжим, дуурь, балетын урлагийн “аварга”-уудыг шагнаж олон улсын урлаг соёлын амьдралд түүх болох гала тоглолт болсон байна.