Их Британид амьдарч байсан Оросын бизнесмэн Николай Глушков Лондон дахь гэртээ учир битүүлгээр нас барсан тухай Их Британи болон Оросын хэвлэлүүдэд өдгөө ид мэдээлж байна. Одоогоор түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд уг хэргийг Их Британы тусгай албаныхан шалгаж байгаа юм байна. Их Британы хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар түүнийг хоолойг нь боож амь насыг нь хороосон байх өндөр магадлалтай байгаа гэнэ. Николай Голушков нь Оросын олигархи агсан Борис Березовскийн дотны найз байсан ба Березовский нь Оросын шинэ үеийн түүхэн дэх нэр нөлөө бүхий улстөрчдийн нэг гэгдэж байсан ажээ. Их Британи улс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины заналт дайсан гэгдэж байсан Борис Березовскийд 2003 онд улс төрийн орогнол олгосон бөгөөд тэрээр тус улсад амьдарч байгаад 2013 онд гэртээ амиа хорлосон байдалтай олдсон байна. Тухайн үед Березовскийн үхэлтэй холбоотой олон таамаг хэвлэл мэдээллээр цацагдаж байсан бөгөөд Николай Глушков Борис Березовскийг хорлогдсон байх магадлалтай гэж мэдэгдэж байсан ажээ. 1990-ээд онд Николай Глушков төрийн өмчит “Аэрофлот” компанийн орлогч дарга, мөн Березовскийн “ЛогоВАЗ” авто компанид санхүүгийн албыг хариуцан ажиллаж байсан ба Борис Березовский 1999 онд эх орноосоо зугтаж, Их Британид очсоны дараа Глушков залилан болон мөнгө угаасан хэргээр шалгагдаж байжээ. Тэрээр таван жилийн хорих ялаар шийтгүүлж, 2004 онд суллагджээ. Өдгөө Оросын тагнуулч асан Сергей Скрипалыг химийн хорт бодисоор хордуулсан дуулианы улмаас Их Британи болон Орос улсын хооронд таагүй харилцаатай байгаа энэ үед тус улсад амьдарч байсан Оросын нөлөө бүхий эрхэм учир ийнхүү учир битүүлгээр амиа алдсан явдал нь тус хоёр улсын харилцаанд сэв суулгаж болзошгүй болоод байгааг хэвлэлүүд онцолж байна.