Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” -г тодруулж байгаа билээ.
Өмнөх саруудад энэхүү шагналыг Д.Сумъяа /жүдо/, П.Орхон /чөлөөт бөх/, Д.Батсүрэн /шатар/, 3×3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг, Б.Энххүслэн/усанд сэлэлт/ тус тус хүртэж байсан.
Тэгвэл 2018 оны хоёрдугаар сарын шилдэг тамирчны шалгаруулалт долоо хоногийн турш үргэлжилж, ялагчийн нэр тодорчээ. Наймдугаар сард Индонезийн Жакарта хотноо явагдах Азийн Наадмын өмнөх сорилго тэмцээнд урамтай тулаануудыг үзүүлж түрүүлсэн таэквондогийн тамирчин, ОУХМ П.Тэмүүжин нийт саналын тоогоороо тэргүүлж, сарын шилдэг тамирчнаар тодорсон байна.
Түүнтэй хамт Францын Парис хотноо болсон жүдо бөхийн Парисын Их Дуулга тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Ц.Цогтбаатар, Энэтхэгийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн боксийн шигшээ багийн тамирчид болох Х.Энх-Амар, Б.Мишээлт болон О.Жаргалан нар, сарын шилдэг тамирчинд нэр дэвшсэн байна. “Сарын шилдэг тамирчин” -г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулдаг уламжлалтай юм.