Монголчууд, тэр дундаа Сүхбаатарчуудын хооронд маргаан үүсч, нүүр тулвал барилцаж авах нь холгүй ширүүн байна. Энэ маргаан эхэлсэн шалтгаан нь УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнээс үүдэлтэй аж. Учир юу гэвэл, Монгол түмний шүтэн биширдэг Шилийн богд дээр С.Эрдэнэ ван төмөр хүлэгтэйгээ заларсан гэх. Одоо цагт юм бүхэн “эвлүүлэг” гэгддэг болсныг хэлэх үү, үүнд эргэлзсэн хүмүүст зориулж түүний автомашиныг цахим хуудаснаа байршуулсан байна. Харин “цахимчид” Шилийн богд мөн, биш гэж маргалдаж эхлэх нь тэр.
Нэг хэсэг нь Шилийн богд дээр машин гарах боломжгүй гэнэ. Нөгөө тал нь орой дээр нь гарах замтай гэлцэнэ. Богд биш гэгсэд нь С.Эрдэнийг өмөөрсөн болж, Богд мөн гэж байгаа нь С.Эрдэнийг уучлал гуйхыг шаардаж, энэ сэдэв элдэв хараал, ерөөлөөр гаарлаа.
Эмзэг маргааны учгийг тайлах хүн гагцхүү хэргийн эзэн болсон С.Эрдэнэ болж таарч байх шиг. Нөгөө талаар нутаг усандаа хайр зарлан, эх оронч гэдгээ харамгүй тунхагладаг манай монголчууд энэ зэргийн зүйл дээр зөрчилдөх хүртлээ эх нутгаа танихаа байсан гэлтэй.
Хэрэв монголчуудын шүтэн биширч, өглөөний ургах нарнаар гарсан эр хүний хийморь сэргэж, хүлгийн шандас хөвчирдөг гэлцдэг энэ хайрхан дээр төмөр хүлэгтэйгээ эрхэм түшээ заларсан нь үнэн бол уул ус, ард иргэд, шашин соёлоо үл хүндэтгэсэн хэрэг болно хэмээн олонхи нь дүгнэж байна.
Уг нь энэхүү хийморлог, шүтлэгт хайрханы хормойд автомашины зогсоолтой, бас ч үгүй тохижилттой сон. Эрчүүд нь оройд нь гарч уухайлж, эмэгтэйчүүд нь бэлээр нь тойрон горойлдог жанцантай гэдэг сэн дээ.