Монголын Сангийн сайд асан С.Баярцогтыг авлига, хээл хахууль авсан, олон улсын төвшинд мөнгө угаасан гэх хэргээр Швейцарь улсын прокуророос шалгаж буйгаа мэдээллээ.
Тодруулбал, Швейцарийн хэд хэдэн банкинд байрлаж буй түүний 1.85 сая ам.долларын хадгаламж бүхий дансуудыг нь царцаажээ. Швейцарийн прокуророос тус данснууд Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой хэмээн шалгаж байгаа бөгөөд царцаасан дансны мэдээлэл дунд “Рио Тинто” компаниас 2008 онд С.Баярцогтод 10 сая ам.доллар шилжүүлж байсан нь ил болсон байна. Швейцарийн талаас түүнийг Сангийн сайд байх үед буюу 2009 онд Оюутолгой зэс, алтны уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компанитай байгуулсан. Энэ үеэр С.Баярцогт гэрээнд хувийн ашиг сонирхлын дагуу хөндлөнгөөс нөлөөлж, Монгол Улсад ашиггүй гэрээ байгуулсан байж болзошгүй гэдгийг дурдсан байна.
Швейцарийн ерөнхий прокурорын газраас С.Баярцогттой холбогдох хэргийг 2016 оноос шалгаж эхэлсэн бөгөөд дансанд мөнгө шилжсэн үе буюу 2008 оны есдүгээр сар нь түүний Сангийн сайдаар томилогдсон үетэй давхцаж байгааг онцлон тэмдэглэжээ. Прокурорын газраас “Дөнгөж сайдаар томилогдсон хэн нэгэнд тийм их хэмжээний мөнгө хүлээн авна гэдэг сэжигтэй, түүнчлэн Оюутолгой уурхайн хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсад алдагдалтай хэд хэдэн шинж илрээд буй нь тохиолдол биш” хэмээн мэдээлжээ.
Нийтлэлийг бичсэн Рейтерс агентлагийн сэтгүүлч С.Баярцогттой холбогдохоор оролдсон ч чадаагүй ажээ. Тус улсын прокурорын албанаас хэргийн мөрдөн шалгах үйл явц үргэлжилж байгаа учраас үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй. Мөн хэргийн үнэн мөн гүйцэд тодроогүй учир одоогийн байдлаар хэнийг ч хэрэгтэн хэмээн цоллох ёсгүй хэмээн мэдэгдсэн байна.