“Миний ертөнц” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн цогц төв нь 2017 онд байгуулагджээ. Харин 2018 оны гуравдугаар сарын 20-нд тус хамт олон албан ёсны нээлтээ хийлээ. Миний ертөнц төв бол улсдаа анхдагч нь. Учир нь 2-15 насны хүүхдийг 24 цагаар асардаг сургууль, цэцэрлэг одоогоор үүнээс өөр байхгүй. Энэ талаар болон тус төвийн үйл ажиллагааны тухай “Миний ертөнц” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн цогц төвийн Захирал Б.Номинхүүтэй ярилцлаа.
-Юуны түрүүнд нийгэмд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа Та бүхний энэ өдрийн амгаланг эрье. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах, тэдний төлөө ажиллах хүсэл эрмэлзэл тань хэзээнээс төрөв. Чухам яагаад тэднийг сонгосон бэ?
-Анх би хувийн цэцэрлэгийн нэг ангид зорилтот бүлгийн тусгай хэрэгцээний шаардлагатай 20 хүүхдүүдийг авч ажиллаж үзсэн юм. Тэгэхэд маш хүнд байсан. Хүүхдүүд, ар гэрийнхэн нь ихэвчлэн ганц бие ээжүүд байдаг юм билээ. Асаргаа хэрэгтэй, их бага хэмжээгээр хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд байсан. Тэд нарыг хараад эргэлт буцалтгүйгээр энэ хүүхдүүдийг жоохон ч гэсэн хамгаалчих юм сан, эрүүл аюулгүй орчинд байлгачих юм сан гэсэн үүднээс энэ ажилд ханцуй шамлан орсон. Би хувийн цэцэрлэгт байсан учраас яг л цэцэрлэгийн шаардлагын дагуу нас заадаг юм билээ. Яахав хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэхээр 7 нас хүртэл нь авъя гэдэг байсан. Цэцэрлэгийн наснаас хэтэрсэн учраас 10 настай хүүхдээ цэцэрлэгээс гаргахгүй бол манайд хувьсах зардал орохгүй гэх зэрэг шаардлагыг надад тавьж байсан. Тэгэх тусам нь би тэр 10 настай хүүхэдтэй ажилламаар санагдаж байлаа. Хүүхэд л бол хүүхэд. Тэр хүүхэд хэвтэрт байна. Хэдийгээр цэцэрлэгийн нас нь өнгөрсөн ч гэсэн дараагийн шатны сургууль руугаа оръё ч гэлээ эрүүл мэндийн болон биеийн онцлогоос шалтгаалаад орж чадахгүй шүү дээ. Тиймээс би тэгэх тусам нь сургууль, цэцэрлэгт хамрагдах боломжгүй ямар ч насны хүүхдийг авч байгаа. Бид цэцэрлэгтээ 2-15 насны хүүхдүүдийг хамруулдаг.
-Хэчнээн бүлэг ангитай вэ?
-Гурван бүлэгтэй. Нэг нь хэвтрийн бүлэг, хоёр дахь нь явдаг ч оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн бүлэг, удаах нь оюун ухаан нь эрүүл боловч саажилттай хүүхдүүдийн бүлэг байгаа. Өнөөдөр нэг ч гэсэн хүүхдийг энгийн хүүхэдтэй байлгавал эцэг, эхчүүд зүгээс ч бусад байдлаар ч маш их гадуурхагддаг. Ухаан саруул зарим хүүхдүүд бусад эрүүл хүүхдээс ч илүү IQ өндөртэй, оюуны чадамжтай байдаг.
-Эдгээр хүүхдүүдэд эрүүл мэндийн талаас нь ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
-Миний ертөнц хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цогц төвд шаардлагатай зүйл их байна л даа. Тухайлбал, дөрвөн мөчний чангаралтай хүүхдэд усан массаж хийж байж булчингуудыг нь сулладаг. Сулрахаар нь уснаас гаргаад массаж хийгээд бүр сайхан сулраад ирэхээр нь хөдөлгөөн заслын төхөөрөмжийг ашиглаж дасгал хөдөлгөөн хийлгэдэг. Бид зорьсон зорилгодоо хүрэхийн тулд энэ маягаар яг дэс дарааллаар нь эмчилгээ, асаргааг нь хийж нэг ч гэсэн үр дүнд хүрнэ гэдэгт итгэн ажиллаж байна даа.
-Шаардлагатай тоног төхөөрмжүүд нь танай төвд бий юу?
-Манайд тоног төхөөрмжүүд дутагдалтай байгаа. Ер нь усан эмчилгээ зайлшгүй шаардлагатай гэдэг үүднээс Монгол ванны хамт олноос усан эмчилгээний жакузи бэлэглэсэн. Өөр тоног төхөөрөмж гэх зүйл алга. Массажны ороос эхлээд хэрэгтэй зүйл их бий. Ямар ч байсан “Саваа бэлдэхээр саалиа бэлд” гэдэгчлэн эхний ээлжинд бид байраа засаад орлоо.
-Байраа түрээслэдэг үү?
-Түрээсийнх биш. Компани биднийг нийгмийн ядарсан өвдсөн хүүхдүүдэд хүрч ажиллаж байгааг чинь үнэлээд 200 м2 байраа үнэ төлбөргүй ашиглуулъя гээд хүлээлгэн өгсөн юм. Энэ байр бол анх тасалгаагүй заал байсныг бид бусдын тусламжтайгаар ханаар зааглаж, өрөө тасалгаатай болгож засварлалаа. Бидэнд ийм сайхан байраар тусалж байгаа Асура говь компанийн Мандах эгчтэй маш их баярлаж байна.
-Төрийн холбогдох хүмүүст хандаж байв уу. Төрийн зүгээс ямар байдлаар дэмжлэг, тусламж үзүүлсэн бэ?
– СХД-ийн удирдлага, төрийн байгууллагад хандаж, бид нар ийм юм хийж байгаа юм, засварын ажилд минь туслаач гэдгээ илэрхийлсэн. Тэр үед “тэгнэ” гэсэн ч тэгээд л сураггүй болсон. Би энэ талаар нэг л удаа хандсан. Тэднийг хараад цаг хугацаа алдаад баймааргүй байсан учраас болохгүйгээс болохыг хүртэл хичээж явсаар өнөөдөр бид ямар ч байсан засвараа дуусгалаа.
-Тэгэхээр төрд хандаж хэлэх, хүсэх зүйл байгаа л байх. Энэ мөчид тэдэнд юу гэж хэлмээр байна. Мөн бусдад юу гэж зөвлөх вэ?
-Өнөөдөр манай нийгэмд ТББ маш олон болжээ. Гэтэл үнэхээр нийгэмд хэрэгтэй, тустай, зорилго чиглэлийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж, мацаж байгаа байгууллагынхаа нэр хүндэд бусад юу хийж байгаа нь тодорхойгүй ТББ-ууд нь сөргөөр нөлөөлж байна. ТББ-ууд төрийн дутууг нөхөж, дундуурыг дүүргэж ажиллах хэрэгтэй шүү дээ. Гэтэл юу ч хийдэггүй хүмүүс их бий. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг дээ. Төрөөс ч гэсэн юм хийж байгаа байгууллагаа чадваржуулах хэрэгтэй. Төрийн хүнд ачаанаас үүрэлцэж байгаа ТББ-уудаа дэмжиж ажилламаар байна. Бидний үйл ажиллагааны чиглэлийн хувьд гэхэд, төр өөрөө амжихгүй байгаа юм уу, үнэхээр хүсэхгүй байгаа юм уу, яагаад энэ хүүхдүүдийг хананы цаана гаргаад, тэдний төлөө юу ч хийхгүй байгаа юм бэ гэж асуумаар санагдаад, бүр гайхаад байдаг юм.
-Тантай санал нэг байна. Тэгэхээр Та бүхэн энэ байрандаа саяхан орсон юм байна. Байгуулагдаад жил болсон гэсэн. Өнгөрсөн хугацаанд хаана байрлаж байсан юм бэ?
-СХД-ийн 4-р хороонд гэр хороололд 2 давхар байшинд гал түлж амьдардаг байлаа. Тэр үед хэвтрийн, саажилттай хүүхдүүд маш их даардаг байсан. Одоо бол сайхан байна. Сэтгэл маш өндөр байна. Энэ сарын 19-ний өдрөөс хүүхдүүдээ авч эхлээд байна.
-Нийт хэчнээн хүүхэдтэй вэ. Нэмж хүүхэд авах боломжтой юу?
-Нийт 20 хүүхэдтэй. Гэхдээ одоогоор 10-аад хүүхэд нь явж байгаа. Засвартай байсан учраас түр хугацаанд хүүхдүүдээ аваагүй. Ирэх долоо хоногоос жигдэрнэ. Ерөнхийдөө манайх 40 хүүхдийн хүчин чадалтай. Тэгэхээр нэмж хүүхэд авна.
-Харьяалал, нутаг дэвсгэрийн хязгаар заах уу?
-Манайд Хан-Уул, Баянзүрх зэрэг аль ч дүүргийн хүүхдүүд байдаг. Харьяалал хамаарахгүй. Хэрэв манайд хүүхдээ өгөхийг хүссэн хүн байгаа бол бидний “Миний ертөнц хүүхэд хөгжлийн төв” пэйжид хандаж болно.
-24 цагийн үйчлилгээтэй гэхээр ачаалал ихтэй ажилладаг байх. Асран хамгаалагч нь хамт байх шаардлагатай байдаг уу?
-Бид яагаад 24 цагийг онцолж байгаа вэ гэхээр тодорхой тайлбар өгье. Жишээ нь, би дөрвөн хүүхэдтэй. Хүүхэд төрүүлснийхээ дараа хамгийн удаандаа би 6 сар гэртээ сууж байсан. Ажлаа хиймээр санагдаад байдаг юм. Гэтэл өнөөдөр 10 жил хүүхдээ хараад гэртээ сууж байгаа ээж байна. Ийм ээжийг хараад маш их өрөвдсөн. Ямар их тэвчээртэй юм бэ гэж бодогдсон.
Мөн зарим эцэг эхчүүд цоо эрүүл саруул хүүхдээ цэцэрлэгийг нь таслуулах үе зөндөө байдаг шүү дээ. Тэгэхэд өнөөдөр 10 настай том хүүхдээ тэврээд хоёр автобус дамжин өглөө авчирч өгчихөөд, буцаж хариад, эргээд хоёр автобус дамжиж ирж хүүхдээ аваад харина. Энэ хүн ажил хийж чадах уу? Хоногийн хоолоо яая гэж байж автобусны мөнгөнд их зардал гарах болно. Ийм учраас энгийн хүүхдийн цэцэрлэгийн асуудал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг, сургуулийн асуудал эрс ялгаатай. Үүнд төр засаг анхаарал хандуулах хэрэгтэй. Нэг л их сайхан хууль санаачлаад байгаа хүмүүс эдгээр хүүхдүүдийг “хүн” гэсэн талаас нь харалгүй орхигдуулаад байх шиг. Энэ хүүхдүүд бусад хүүхдийн адил хөгжих ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гаргасан юм чинь чи энэ үйлээ эдлээд гэртээ суу гэж байгаа юм шиг байж болохгүй. Би ийм юм бодож л энэ ажил руу орсон. Ямар ч байсан эцсийг нь үзэхийг зорьж явна.
-Та өөрөө чухам ямар мэргэжилтэй хүн бэ. Урьд нь ямар ажил хийж байв?
-Би Татварын эдийн засагч мэргэжилтэй ч мэргэжлээрээ ажиллаж байгаагүй. Дээд сургуулиа төгсөөд “Өрх толгойлсон эцэг, эхчүүдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал байсан. Давхар судалгааны ажил хийдэг байлаа. Ер нь нийгмийн ажил хийдэг байсан юм. Оюутан байхаасаа эхлээд 14 жил нийгмийн идэвхтний янз бүрийн ажил хийж иржээ.
-Багш нараар ямар мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа вэ. Эмч байх уу, цэцэрлэгийн багш байдаг уу. Сайн дурын байгууллагын хувьд ажилчдынхаа цалин хөлсийг яаж шийдвэрлэж байна?
-Багш нарын хувьд гэвэл, хөдөлгөөн засалч, массажист зэрэг хүмүүс байх ёстой. Манай боловсон хүчний дутагдалтай байгаа. Таны инээмсэглэл гэдэг мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг эмнэлэг байдаг. Энд АНУ-ын хөдөлгөөн заслын мэргэжлийн эмч ажилладаг. Тэнд багш нараа сургаж байна. Одоохондоо дөрвөн багш 24:48 ээлжээр ажилладаг. Цалин хөлсний асуудлыг боломжоороо зохицуулаад л явж байна. Манай нэг багш сайн дурын үндсэн дээр цалингүй ажиллаж байгаа. Мөн оюутнууд, сайн дурынхан бидэн дээр ирж маш их тусладаг.
-Ер нь 40 хүүхэдтэй боллоо гэхэд хэчнээн багш шаардлагатай болох вэ. Сургалтын тусгай хөтөлбөр боловсруулж хичээл ордог уу?
-Стандартаараа бол гурван хүүхдийн дунд нэг багш ажиллах ёстой байдаг. Манайд мэргэжлийн сэтгэл зүйч ажилладаг. Сэтгэл зүйч маань хүүхэд тус бүр дээр дүн шинжилгээ хийж, улмаар сургалтын хөтөлбөр боловсруулсны үндсэн дээр сургалтаа зохион байгуулж хичээл орно. Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдийн онцлог өөр өөр. Жишээ нь, нэг тоог нэг сар сурч ч болно.
-Санхүүгийн асуудлаа яаж шийдвэрлэдэг вэ. Хандив, тусламж хэр ирж байна. Ер нь тусалж дэмжээд байгаа хүмүүс та бүхнийг яаж мэдэж ирдэг юм бол?
-Бидэнд яг тогтсон хөрөнгө оруулалт байхгүй. Бид хандивын сан нээж, гуйж байсангүй. Ерөнхийдөө танил тал, найз нөхдийнхөө дэмжлэгээр өдий хүрээд явж байна. Мөн бас нэгэн зүйлийг хэлэхэд, засвартаа нэмэр болгохоор манай төвөөс Халаасны дэвтрийн аян өрнүүлсэн. Нэгжийн өртөг нь мянган төгрөгөөр бүтсэн энэхүү дэвтрээ бид 3000 төгрөгөөр борлуулж байна. Байгууллага хамт олон бидний үйл ажиллагааг дэмжиж зуу зуугаар нь худалдан авч хувь нэмрээ орууллаа. Бид зүгээр хүнээс гуйснаас ийм байдлаар өөрсдөдөө хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэж бодсон юм.
Мөн биднийг сайн дураараа дэмждэг байгууллагууд ч бий. Жишээ нь, Монголдоо Тооди памперсыг үйлдвэрлэгч хамт олон бидний сар бүрийн памперсын хэрэгцээг даагаад явж байна. Од групп Халаасны дэвтрийн аянд бүх хамт олноороо оролцож, мөн сарын хүнсний хэрэгцээг хандивлалаа. За тэгээд Үндэсний дээд сургуулийнхан, фэйсбүүкийн 30-аас дээш насныхны группийнхэн гээд олон хүмүүс биднийг дэмжин ажиллаж байгаа. Тэр бүх хүмүүстээ талархал илэрхийлье.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зайлшгүй хэрэгтэй хүн бол сэтгэл зүйч. Бид “Ногоон цас” ТББ-ын Үүсгэн байгуулагч, тус төвийн сэтгэл судлаач Э.Хонгорзултай мөн цөөн хором ярилцлаа.
-Өмнө нь яг энэ чиглэлээр тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэр тусмаа хүүхэдтэй ажиллаж байсан уу?
-Би урьд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаагүй. Энэ талаар онолын мэдлэгтэй гэж хэлж болно. Гэхдээ бидэнд практик туршлага маш чухал. Тиймээс энэ төвд ажиллаж байгаа.
-Ялангуяа оюуны бэрхшээлтэй хүүхдийн сэтгэл зүйн онцлогт тааруулж харилцана гэдэг хэцүү байх. Ямар сургалт, эмчилгээ хийдэг вэ?
-Хүндрэл их тулгаралгүй яахав. Хүүхдүүд маань ярьж чадахгүй байна. Ойлголцоход бэрхшээлтэй байна. Тэгэхээр би Art болон Music terapy хийж байгаа. Энэ нь юу вэ гэхээр хөгжмөөр хүүхдийг тайвшруулах, амраах, булчин суллах зэргээр эмчилнэ гэсэн үг. Мөн өнгө будгаар тоглуулах, тайвшруулах, зугаацуулах зэргээр өнгө, хөгжмөөр тэдний мэдрэмжийг дээшлүүлж бас нэг төрлөөр хөгжүүлэх сургалт явуулж байгаа юм.
-Хүүхдүүдийн сэтгэл зүйг дасгалжуулж, хөгжүүлж, эрүүл мэндийн эмчилгээ хийхийн зэрэгцээ эцэг эх, асран хамгаалагчид нь Танаас зөвлөгөө авдаг уу?
-Ер нь эдгээр хүүхдүүдийн ард дийлэнх нь ганц бие ээж нар байна. Тэд хүүхдээ асрамжилж өөрийгөө хүртэл гаргуунд нь орхиж, нэг үгээр бол бүх л нийгмээс тусгаарлагдсан байдаг. Тэдэнд сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх цаг зав нь олдохгүй. Тиймээс энэ төв ээж нарт маш том боломжийг өгч байгаа юм. Даваагаас баасан гариг хүртэл хүүхдээ үлдээгээд өөрөө ажил, хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой болно. Ингээд ирэхээр тухайн хүн хувь хүнийхээ зүгээс хөгжиж эхэлнэ. Хүүхдээ авахаар баасан гаригт ирэхэд нь бид бүлгийн сэтгэл засал хийнэ. Нэг ижил асуудалтай ээжүүдийг нэг бүлэг болгоод тайвшруулах, амраах, жаргаах дасгалуудыг хийлгээд явуулдаг. Мөн ижил асуудалтай ээжүүд хоорондоо бэрхшээлээ ярилцаад, мэдээлэл солилцоод, нөхөрлөөд, чөлөөтэй ярилцаж, асуудлаа хуваалцаад явдаг. Энэ мэтчилэн бид хүүхдэд, ээжид нь цогц үйлчилгээг үзүүлэхийг хичээн ажиллаж байгаа.
-Энэ бүхнээс маш их зүйлийг суралцаж байгаа байх. Ер нь хүүхдийн сэтгэл зүйд хамгийн нөлөөтэй, хүүхдийг хамгийн амархан тайвшруулах ямар арга байж болох вэ?
-Би шинэ залуу судлаачийн хувьд шинэ бүхнийг судлаад л, суралцаад л явж байна. Эндээс би нэг зүйлийг маш сайн анзаарлаа. Би үүнийг хэлэхийг хүсч байна. Хүүхдээ тэвэр, ойлго, ярилц. Тэврэлт гэдэг хүүхдийн хувьд ямар агуу зүйл болохыг би мэдэрсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ч мөн адил тэврэлтийн халуун дотно мэдрэмжээс тайвшрал, хайрыг мэдэрдэг. Жишээ нь, манай төвийн хүүхэд уйлагнаад, таагүй болоод эхлэхэд нь тэврээд нурууг нь илэхээр маш хурдан тайвширдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ тэвэр, үнс.
-Та бүхний зорьсон ажил бүтэмжтэй байж, олон гэр бүлд гэрэл гэгээ авчрах болтугай гэж ерөөе.
-Баярлалаа.