Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг болж, олон улсын стандартыг ханган, улс орныхоо хөгжлийн илэрхийлэл, өрсөлдөх чадварын нэрийн хуудас болон үнэлэгдсэн дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуучлал ба бизнесийн шинэ чиглэлийн онцгой бүтээн байгуулалтад Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог уламжлалтай.
“Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналд нэр дэвшүүлэхэд Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар – өөрийн орон нутагт тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг; Төрийн яамд – өөрийн салбарт тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг; Мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагууд – өөрийн дэмжиж буй бүтээн байгуулалтыг санал болгох эрхтэй бөгөөд эрх бүхий байгууллагууд 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор өөрийн саналыг холбогдох баримт бичгийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн байх шаардлагатай.
Шагналд нэр дэвшүүлэх бүтээн байгуулалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан, төрийн байгууллага, мэргэжлийн холбоо, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаач, иргэд олон нийтийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг нягтлан судалж, сонгон шалгаруулна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын
газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 13-ны
өдрийн 10 дугаар захирамжийн хавсралт
“ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД
ШАГНАЛ-ТӨРИЙН ГЭРЭГЭ” ШАГНАЛЫН ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг болж, олон улсын стандартыг ханган, улс орныхоо хөгжлийн илэрхийлэл, өрсөлдөх чадварын нэрийн хуудас болон үнэлэгдсэн дэд бүтэц, үйлдэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуучлал ба бизнесийн шинэ чиглэлийн онцгой бүтээн байгуулалтад “Үндэсний бүтэн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналыг олгоно.
1.2.Шагналыг монгол хүний оюун ухаан, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэл шингэн бүтээгдсэн, тухайн онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бүтээн байгуулалтад олгоно.
1.3.Бүтээн байгуулалтын нийгмийн хөгжилд үзүүлэх үр нөлөөг улсын болон орон нутгийн хэмжээнд ангилан авч үзэж жилд нэг удаа нэгдсэн байдлаар шалгаруулна.
1.4.Нэг жилд олгох шагналын тоо 3-аас хэтрэхгүй байна.
1.5.“Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” нь уг шагналыг олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн бичвэр бүхий батлагдсан загварын дагуу хийгдсэн цом байх бөгөөд шагналыг жил бүрийн 4 дүгээр сарын 2 дахь долоо хоногийн лхагва гарагт Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд гардуулна.
1.6.Уг шагналыг хүртсэн бүтээн байгуулалтыг бий болгох ажилд идэвх санаачилгатай оролцсон, гардан бүтээсэн, зохион байгуулсан хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагнаж болох бөгөөд шагналыг цом олгох ёслолтой хамтатган зохион байгуулж гардуулна.
Хоёр.Санал хүлээн авах, нэр дэвшүүлэх
2.1.“Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналд нэр дэвшүүлэх бүтээн байгуулалтыг дараах байгууллагууд санал болгож болно.
2.1.1.Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар – өөрийн орон нутагт тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг
2.1.2.Төрийн яамд – өөрийн салбарт тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг;
2.1.3.Мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагууд – өөрийн дэмжиж буй бүтээн байгуулалтыг.
2.2.Энэ журмын 2.1-д заасан байгууллагууд шагналд нэр дэвшүүлэх бүтээн байгуулалтыг санал болгохдоо дараах шалгууруудаас хангасан эсэхийг харгалзан үзнэ.
2.2.1.тухайн бүтээн байгуулалт нь улсын болон орон нутгийн хөгжилд шинэ жишиг болохуйц үзүүлэлт, үр нөлөөтэй эсэх;
2.2.2.хуулийн дагуу татвар төлдөг байх;
2.2.3.нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг мөрдөж байгаа нь аудитын дүгнэлтээр баталгаажсан байх;
2.2.4.бүтээгдэхүүн нь импортын бараа, бүтээгдэхүүнийг орлохуйц байх;
2.2.5.бүтээгдэхүүнээ экспортлогч байх;
2.2.6.тухайн бүтээн байгуулалт, ашигласан техник технологи нь олон улсын стандарт, жишигт хүрсэн байдал, эрчим хүч хэмнэсэн байгаль орчинд ээлтэй байх;
2.2.7.өөрийн салбартаа кластер бүрдүүлэгч тэргүүлэх үйлдвэр болох нөхцөлийг хангасан байх;
2.2.8.шинээр бий болгосон ажлын байрны тоо;
2.2.9.хөрөнгийн биржээр олон нийтэд хувьцаагаа арилжаалдаг эсэх;
2.2.10.үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, дотоодын аж ахуй нэгжээс худалдан авалт хийдэг, тогтвортой худалдан авалт хийх гэрээ байгуулсан байх;
2.3.Архи, тамхи, буу, зэвсэг үйлдвэрлэгчийг энэ шагналд дэвшүүлэхгүй.
2.4.Энэ журмын 2.1-д заасан байгууллагууд шагналд нэр дэвшүүлэх бүтээн байгуулалтыг санал болгохдоо жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор өөрийн саналыг шаардлагатай баримт бичгийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн байна.
2.5.Шагналд нэр дэвшүүлэх бүтээн байгуулалтыг санал болгосон баримт бичиг, материалыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нягтлан судална.
2.6.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ журмын 2.2-т заасан шалгууруудаас хангасан эсэхийг харгалзсаны үндсэн дээр бүтээн байгуулалтыг өөрийн санаачилгаар шагналд нэр дэвшүүлж болно.
Гурав.Бүрдүүлэх баримт бичиг
3.1.Шагналд нэр дэвшүүлэх болон нэр дэвшүүлэх бүтээн байгуулалтыг санал болгосон баримт бичиг, материал нь дараах хэсгээс бүрдэнэ.
3.1.1.бүтээн байгуулалтыг шагнуулах тухай эрх бүхий байгууллагын санал, шийдвэр;
3.1.2.тухайн бүтээн байгуулалтын танилцуулга, холбогдох материалууд /Энэ журамд заасан шалгуурыг хангаж байгааг нотлох дүгнэлт, баримт бичиг, судалгаа/;
3.1.3.тухайн бүтээн байгуулалтын өмчлөгч /эзэмшигч/ этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг.
3.2.Бүтээн байгуулалтын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан буюу танилцуулсан материалууд ирүүлж болно.
3.3.Бүтээн байгуулалтыг гардан бүтээсэн, бүтээх ажилд идэвх санаачилгатай оролцсон, зохион байгуулсан хүмүүсийг төрийн дээд цол, одон медалиар шагнуулах санал, хүсэлтийг давхар гаргаж байгаа тохиолдолд төрийн дээд одон медалиар шагнах журмын дагуу холбогдох материалыг ирүүлсэн байна.
Дөрөв.Ажлын хэсэг
4.1.Бүтээн байгуулалтыг сонгон шалгаруулах ажлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг гүйцэтгэнэ.
4.2.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төрийн байгууллага, мэргэжлийн холбоо, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаач, иргэд олон нийтийн төлөөллийг оруулж болно.
4.3.Ажлын хэсэг нь шагнуулах саналтайгаар ирсэн бүтээн байгуулалтын материалуудтай танилцан судалж, нэр дэвшүүлэх тухай санал, дүгнэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчид зохих журмын дагуу уламжилна.
4.4.Ажлын хэсэг шаардлагатай гэж үзсэн тохиолдолд бүтээн байгуулалттай газар дээр нь очиж танилцах, холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагууд, мэргэжилтнүүдээс лавлагаа, дүгнэлт авах, иргэд, хэрэглэгчдийн санал, сэтгэгдлийг судлах ажлыг зохион байгуулна.
4.5.Ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, шийдвэр болон холбогдох бусад баримт бичгүүд Ерөнхийлөгчийн Тамгын газрын архивт хадгалагдана.