Саудын Арабын эрх бүхий байгууллагууд авлигын үзэгдлийг нэг мөр үгүй болох хүртэл тэмцлээ зогсоохгүй гэж тус улсын Ерөнхий прокурор өнгөрсөн лхагва гарагт хэлсэн байна.
“Хамтран ажиллах сонирхолтой бүх байгууллагуудад прокурорын газрын үүд нээлттэй” гэж тэрээр нэмж хэлжээ. Түүнчлэн тэрээр хээл хахуулийн гэмт хэргийг шалгах байгууллага хоорондын сүлжээ байгуулах гэж байгаагаа танилцуулсан байна. Авлигын эсрэг кампанит ажлынхаа хүрээнд тус улсын эрх бүхий байгууллагууд өнгөрсөн оны 11 дүгээр сард шалгалт явуулж, хааны гэр бүл, Засгийн газрын сайд, бизнес эрхлэгчдийг шалгаж, байцаасан тухай хэвлэл мэдээллээр мэдээлж байсан билээ. Тэдний дийлэнх нь суллагдсан бөгөөд эрх бүхий байгууллагын мэдээлснээр шүүхийн бус замаар тэднээс 107 орчим тэрбум ам.долларыг хураан авчээ.