Иргэний Зориг Ногоон Намаас өнөөдөр мэдэгдэл гаргалаа.
Иргэний Зориг Ногоон Намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар хэлэхдээ “Өнөөдөр Монголын нийт газар нутгийн 30 гаруй хувь нь лиценз хэлбэрээр олгогдож, наймаалагдаад байна. Үүнд өнгөрсөн 28 жилийн хугацаанд засгийн эрх барьж байсан МАН, АН буруутай. Хуулиар энэ хоёр нам татан буугдах үндэслэлтэй болоод байна. Тиймээс МАН, АН хоёрыг татан буулгах хүсэлтийг Улсын Дээд шүүхэд гаргана. Бусад намууд ч хариуцлага хүлээх ёстой. Намууд ашиг сонирхол, эрх мэдэл дээр нэгдэж байгаа нь татан буулгах гол үндэслэл болж байгаа. Бидний зүгээс Ерөнхийлөгчийг улс төрийн намуудыг татан буулгах хуулийг санаачлахыг шаардаж байна. Энэ хууль батлагдаад гараад ирвэл манай нам хамгийн түрүүнд татан буугдахаа зарлана” гэв. Мөн энэ асуудлаар энэ сарын 2-5-ны хооронд Д.Сүхбаатарын талбай дээр санал асуулга явагдаж, 5-ны өдрөө улс төрийн жагсаал хийх тул иргэд, төр олон нийтийн байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриаллаа.
Иргэний Зориг Ногоон Намаас гаргасан мэдэгдэл:
МОНГОЛ УЛСАА УЛС ТӨРИЙН НАМУУДЫН БООЛЧЛОЛООС ЧӨЛӨӨЛЬЕ
Монгол Улс нь ёс суртахуун, улс төр, эдийн засаг, нийгмийн гүн гүнзгий хямралд орсон гэж үзэн үүний гол бурууг улс төрийн намууд хүлээх ёстой гарааны тэгш бус нөхцөлөөс эхэлсэн улс төрийн намууд төлөвшиж чадагүй байгаагаас эрх баригч цөөнхийн хармааны хүчин болж хувирсан тэр дундаа Монгол Улсыг 28 жилийн турш дангаар болон хамтран удирдсан МАН, АН-д энэ хариуцлага илүү ногдоно гэж үзлээ.
МАН, АН-ын засаглалын жилүүдэд монгол хүний үнэ цэнэ алдагдан, хээл хахууль авилга дээд зэргээр цэцэглэн, улсын гадаад өр хяналтаас гарч, баялгийн эзэн болсон ард түмэн өмчөө захиран зарцуулах эрхээ алдсан төдийгүй, улс төрийн сонгууль улам луйврын шинжтэй болж, ард түмний төр энэ намуудын удирдлагын хялбар хөлжих хэрэгсэл болон хувирсан байна. Эдүгээ манай улсын газар нутгийн 30 гаруй хувь нь хайгуул, ашиглалтын лиценз нэрээр хувь хүмүүс, аж ахуйн нэгж, гэмт бүлэглэлийн гарт орж гадны этгээдүүдэд арилжигдан Монгол Улсын аюулгүй байдал, хил хязгаар, газар нутгийн бүрэн бүтэн байдал, байгаль экологийн тэнцвэртэй байдалд ноцтой аюул занал учруулаад зогсохгүй, үндэсний эв нэгдлийг сарниулан бусниулж байна.
Засгийн бүх эрх ард түмний мэдэлд бус МАН, АН-ын удирдлагад, баялгийн ашиг шим МАН, АН-ын олигарх бүтцэд шилжсэн учраас МОНГОЛ ТҮМЭН ядуурал гуйланчлалын зам руу орсон байна. Иймд Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйл 23.2-т заасны дагуу “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задпан бутаргах…” хэв шинжийг агуулсан МАН, АН-ыг юуны түрүүнд татан буулгах талаар ард түмний дунд санал асуулга явуулж, Монгол орноо улс төрийн боолчлолоос ангижруулах тэмцэл эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
ИЗНН дараах уриалга, шаардлагыг гаргаж байна. Үүнд,
- Ард иргэд иргэний нийгмийн байгууллага болон улс төрийн намуудад бүх намуудыг татан буулгаж улс төрийн дахин хувиарлалт хийхийг уриалж байна.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийг улс төрийн бүх намуудыг татан буулгаж Монгол улсын ард иргэдийг улс төрийн намын боолчлолоос чөлөөлөх хуулийг санаачилан их хуралд өргөн барихийг шаардаж байна.
- Монгол Улсын их хурал улс төрийн бүх намуудыг татан буулгах хуулийн төслийг хэлэлцэн батлахыг шаардаж байна.