Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлээс 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Сонгинохайрхан Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмааг төсвийн хөрөнгөнөөс 71 сая төгрөг завшсан талаар мэдэгдсэн билээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээдгүй явсан энэхүү мэдээллийг гүтгэлэг хэмээн үзэж СХЭМТ-ийн албан хаагчид өнөөдөр Хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд: …Энэ гүтгэлэг нь СХДЭМТ-ийн даргын нэр төрд халдаад зогсохгүй дүүргийн 300 мянган хүнд үйлчилж буй Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн 400 гаруй эмч, ажилтан, Үйлдвэрчний эвлэлийн холбооны нэр хүндэд халдсан явдал гэж бид үзэж байна.
Манай байгууллагын зарим ахмадын төлөөлөл 60 жилээ тэмдэглэх санал гаргасны дагуу бүх ажилтан 1-3 өдрийн цалингаа хандивласан. Үүнийгээ ҮЭХ дансанд байршуулан баярын хурал, концертийн төлбөрт зарцуулсан, Зарцуулалттай холбоотой санхүүгийн бүх баримт бий. ҮЭ-ийн дансанд цугласан энэ мөнгийг захиран зарцуулах эрх нь ажилчдад, мөнгийг Тэргүүлэгчдийн зөвшөөрлийн үндсэн дээр дансаас зарлагадах эрх СХДЭМТ-ийн ҮЭХ-ны дарга Г.Гэрэлт-Одод олгогдсон байдаг.
Үйлдвэрчний эвлэлийн байгууллага бол ажилчид сайн дураараа эвлэлдэн нэгддэг Төрийн бус байгууллага. Үйлдвэрчний хорооны үйл ажиллагаанд СХДЭМТ-ийн дарга, удирдлагууд оролцох эрхгүй.
Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос манай байгүуллагын нэр хүндэд халдаж байгаа цаад шалтгаан нь 2015 оны 4-р сарын 1-нээс эхлэн ажилчдаас Үйлдвэрчний эвлэлийн татвар авахаа больсон явдал гэж бид үзэж байна. Үүнээс өмнө сард 2.6 сая төгрөгийн татварыг ажилчдаас суутган 30 хувь буюу 800.000 төгрөг, жилд 10 сая төгрөгийг Б.Мягмар даргад өгдөг байсан. Энэ мөнгийг өгөхөө болихоор ийм асуудал үүсгэж байна… хэмээжээ. Түүнчлэн гүтгэлэгийн чанартай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зохион байгуулалттай тараасан Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмарыг хуулийн байгууллагад өгч шалгуулна гэдгээ илэрхийллээ.