Ардчилсан намд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Баянзүрх дүүрэгт явагдсан сонгууль маргаантай болсон гээд байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Баянзүрх дүүрэгт болсон маргааныг нэг талын өнцгөөс харж болохгүй. Дотоод сонгуулийн хороо нэгдсэн мэдээллээ ирүүлээгүй учраас энэ талаар ярихад эрт байна.
-Нэрсийн жагсаалт байхгүй байсан гэдэг мэдээллийг Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүд өгч байна. Энэ тухайд?
-Дотоод сонгуулийн хороо намын хэрэг эрхлэх газраас 6100 гишүүдийн нэрсийн жагсаалтыг хүргүүлсэн. Энэ дунд процессын ямар нэг алдаа гарахыг үгүйсгэхгүй.
-МАН-ын гишүүд дотоод сонгуульд оролцсон гэж ярьж байна. Үнэхээр тийм зүйл болсон уу?
-Ардчилсан намын гишүүн хүн татвараа төлөөд санал өгөх эрхтэй байгаа. Манай намын сонгуульд өөр намын хүн санал өгч болохгүй. Зарим хүн хардаж байх шиг байна. Баримтаар нотлох хэрэгтэй. Дотоод сонгуулийн ротацид 1500 орчим хүн бий. Өгсөн нэрийг дунд шатны намд нь хүлээлгэж өгдөг байгууллага. Хэн нэгнийг хасдаг эрх бидэнд байхгүй.
-Саналын хайрцаг авч зугатаж байгаа бичлэг сошиалаар тарсан..?
-Саналын хайрцаг авч зугатсан мэдээллийг харсан. Бид сошиалын төвшинд мэдээлэлтэй байна. Баянзүрх дүүрэгт санал авах гурван байр байсан. Нэг байр нь Офицеруудын ордонд байрлаж байсан ч санал авах процесс зогссон. Өөрөөр хэлбэл, түрээсэлж байсан байгууллага нь гэрээгээ цуцалсан юм билээ. Тэгэхээр энэ байрыг шилжүүлэх шийдвэр гарсан. Сонгуулийн хорооны гишүүн биш хүн саналын хайрцаг авч гарсан тохиолдол гарсан учраас үүнийг тодруулах шаардлага бий.
-Ямар тохиолдолд нэр дэвшигчийг хасах ёстой вэ?
-Батцогт гэдэг хүнийг ҮБХ-д нэр дэвших материалаа ирүүлсэн. Материалыг нь үнэлж үзээд Ерөнхий нарийн бичгийн даргаас бүртгэлийг түр түдгэлзүүлж өгөх хүсэлт ирүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу түдгэлзүүлсэн. Түүнээс хасаагүй.