АН-ын зарим гишүүд С.Эрдэнийг үзэн ядаж байгаа бололтой. Тус намын дотоод сонгууль өчигдөр буюу энэ сарын 25-нд болж, сонгуулийн явцын талаар АН-ын Сонгуулийн хорооны дарга мэдээлэл хийжээ. Мэдээллийн дундуур Баянзүрх дүүрэг дэх АН-ын гишүүд сонгууль шударга бус болсон хэмээн эсэргүүцлээ илэрхийлж, намын байран дээр эмх замбараагүй байдал үүсгэсэн юм. Энэ үеэр тус намын олон гишүүд өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд тэдний зарим нь АН-ыг С.Эрдэнийн хувийн компани мэт болсон гэдгийг мэдэгдэв. Тухайлбал Баянзүрх дүүргийн АН-ын 19 дүгээр үүрийн дарга Ж.Батцэнгэл энэ талаар өөрийн байр суурийг илэрхийлэхдээ “Би 27 сонгуульд оролцсон хүн. Гэтэл нэрсийн жагсаалт байхгүй сонгууль анх удаагаа үзлээ. Баянзүрх дүүргийн 5300 хүний нэрсийн жагсаалт өгсөн. Гэтэл нэг ч нэр байхгүй байна. Нэрсийн жагсаалт байхгүй, нэр дэвшигч нарыг нь машинаар дайрч байна. Мөн МАН-ын гишүүд манай намын батлахыг барьчихсан санал өгөхөөр орж ирсэн. Энэ мэт маш будилаантай сонгууль болсон. АН ганц С.Эрдэнийн хувийн компани мэт болсон” гэлээ.