ОХУ-ын Кемерово хотын «Зимняя вишня» гэх худалдааны төвд энэ сарын 25-нд гал гарч, түүний улмаас 64 хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. ОХУ болон Кемерово хотноо амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн, гурван өдрийн гашуудал зарлаад байна. Тэгвэл өчигдөр цагдаагийнхан «Зимняя вишня» худалдааны төвийн эздийг баривчилсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээллээ. Цагдаагийнхан тус төвийн ерөнхий захирал, хамгаалалтын албаны дарга, ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. ОХУ-ын Мөрдөн байцаах хороо уг хэргийг шалгаж байгаа бөгөөд өнөөг хүртэл ямар шалтгааны улмаас тус худалдааны төвд гал гарсан нь нууц хэвээр байна. Гал гарах үед тус худалдааны төвийн иргэдэд сэрэмжлүүлэг өгөх дуут дохио дуугараагүйгээс гадна аврах гарцууд бүгд хаалттай байжээ. Ерөнхийлөгч В.Путин өчигдөр уг төв дээр хүрэлцэн ирсэн бөгөөд “Хариуцлаггүйн улмаас гал гарч, улмаар олон хүн амиа алдлаа” хэмээн мэдэгдсэн байна.