Хүйтэн сэрүүний улирал эхлэхээр ханиад томуу хүрч, хамар битүүрэх зовуурь бий болдог. Аз болоход эм тан уухгүйгээр битүүрсэн хамрыг онгойлгох хялбар арга байдаг аж.
1-р арга
Толгойгоо бага зэрэг гэдийлгэж хамраа чимхээд амьсгалаа түгж. Амьсгалаа чадах хэрээр удаанаар түгжинэ. Эцэст нь гүнзгий амьсгал авахад хамрын дайвар хөндий цэвэрлэгдсэн байна. Үүний учир нь: таныг амьсгал авахгүй удахаар тархи чинь хүчилтөрөгчийн дутагдалд орж болзошгүйг “ойлгоод” хамрын хөндийг цэвэрлэж өгч байгаа хэрэг аж.
2-р арга
Хэлнийхээ үзүүрийг тагнайдаа хүргэнэ. Хоёр хуруугаараа хамар, хөмсөг хоёрын хооронд духан дээрээ дарна. Энэ маягаар 20 секунд болно. Дасгалыг хэд хэдэн удаа давтан хийгээрэй. Энэ нь гавал ясны хэсэгт хэлбэлзэл үүсгэх маягаар хамрын хөндийг онгойлгодог арга юм байна.
Хамар тань байн байн битүүрдэг бол дараах зүйлүүдийг анхаараарай.
– гэртээ агаар чийгшүүлэгч байнга хэрэглэж занших
– халуун усны уураар хамраа үе үе утах
– шингэн зүйл ихээр ууж байх
– өвөл цагт давстай буюу содтой усаар хамраа угааж хэвших
Хамар битүүрэх гэж юу вэ?
Хүмүүс хамарт их хэмжээний шингэн нус хуримтлагдсаны улмаас хамар битүүрдэг гэж ойлгодог. Үнэндээ хамрын салст бамбайж хавдсаны улмаас хамар битүүрдэг аж. Хамар битүүрэх гол шалтгаан нь:
· ханиад, томуу зэрэг үрэвсэлт өвчин
· хамрын дайвар хөндийн үрэвсэл буюу синусит (бактерийн болон вирусийн гаралтай)
· харшил
· хамрын хөндийн полип
· хамрын таславч мурийх зэрэг механик гэмтэл
Эхний хоёр шалтгааны улмаас хамар битүүрсэн бол 7 хоногийн хугацаанд эдгэрнэ. Харин архаг синуситийг зохих ёсоор эмчлэхгүй бол хэдэн сар жилээр үргэлжилж ноцтой өвчлөлд хүргэж болзошгүй.