Эдийн засаг, хуулийн чиглэлийн зах зухгүйгээсээ болоод жирийн иргэд янз бүрийн байдлаар хохирох явдал цөөнгүй гардаг. Жишээ нь, өнөөдөр цаг хугацаандаа цалингаа олгодог байгууллага цөөхөн. Үүнийгээ дагаад өргүй монгол хүн ч ховор. Хэвийн болж хэвшсэн энэ үзэгдлийн цаана эдийн засгийн ямар их хор хохирол явж байгааг тэр болгон анзаардаггүй. Тэгвэл энд их учир байна.
Нэгэн танил маань надаас асуулаа. Тэрээр “Цалингаа цагтаа тавиагүй байгууллага ажилтныхаа цалингийн зээлийн алдангийг төлөх ёстой гэдэг үнэн үү?” гэв. Үнэндээ энэ талын мэдлэг хомс тул мэддэг хүмүүсээс нь асууж сураглав. Банкны хүн хэлэхдээ “Байгууллага хариуцлага хүлээх албагүй. Энэ бол цэвэр хувь хүний хариуцлага. Учир нь цалингийн хугацаагаа тулгах уу, эрсдэлтэй гэж үзээд хоног нэмж гэрээгээ хийх үү гэдгээ сайн тооцох учиртай юм.” гэж байна. Ингээд ажилчдын эрх ашгийн төлөө хамгийн түрүүнд явдаг байгууллага болох Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хуульчаас асуулаа. Гэтэл энэ харилцааг зохицуулсан бүхэл бүтэн хуулийн заалттай танилцуулж өгсөн юм. “Хөдөлмөрийн тухай хуулийн 141.4-т Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно.” гэж заажээ. Үүнийг 2015 онд өөрчлөн найруулан оруулсан байна.
Гэтэл энэ зүйл заалтыг хэр олон хүн мэдэх бол?
Тэгэхээр бид цалин хугацаандаа буугаагүй тохиолдолд бусдад өгч байгаа 0.3 хувийн алдангиа байгууллагаасаа авч болох юм байна. Хэд ч хоног хоцорсон банк таны цалинг дансанд шилжингүүт зээлийг алдангитай нь хамт шууд таталт хийдэг. Тиймээс банк руу шилжсэн алдангиа олж авахын тулд шүүхэд хандаж, байгууллагаасаа нөхөн авч болох бөгөөд мөнгөн дүнгийн хэмжээ заавал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш, доош байх ёстой гэсэн заалт байдаггүй юм байна.
Ер нь зээлийн гэрээ хийхдээ дээр дурьдсан хувь хүний хариуцлагын тухай ч санахад илүүдэхгүй байх. Эрсдэлээ сайтар тооцож, цалин буух өдрөөс хойш тодорхой хугацааны нөөц хоногтойгоор төлөвлөх нь зүйтэй.
Бидний мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг дараагийн нэг асуудал бол мөнгөний алдаатай гуйвуулга.
Цахим банк хөгжихийн хэрээр иргэд заавал банкинд зорьж очин, дараалалд зогсож, цаг хугацаа алдах шаардлагагүй болж байна. Энэ нь нэг талаар хөгжлийн эерэг тал ч, нөгөө талаар янз бүрийн эрсдлийг дагуулж байна. Хэрэв та их хэмжээний /их хэмжээ гэдгийг Та өөрийнхөөрөө тодорхойлж болно/ мөнгө шилжүүлэхдээ ганцхан тоог зөрүүтэй дарснаас болж танихгүй хэн нэгний данс руу гуйвуулчихвал яах вэ? Маш их сандарч, бухимдах нь тодорхой.
Эсвэл таны дансанд гэнэт их хэмжээний мөнгө ороод ирвэл та яах бол? Гайхна, баярлана, сандарна.
Болсон явдал дурьдвал, нэгэн эмэгтэй /Азаа гэе/-н дансанд гэнэт 15 сая төгрөг ороод иржээ. Удалгүй түүнтэй бас нэгэн эмэгтэй /Баянаа гэе/ холбогдож, алдаатай гуйвуулгын тухай тайлбарлаж, улмаар биеэр уулзалдаж мөнгөө авахаар болсон аж. Баянаа биерхүү хоёр цагдаатай морилон ирж Азаагаас мөнгөө авч түүний гарыг 40 мянган төгрөгөөр мялаагаад явж одсон гэдэг. Энэ тохиолдолд шоконд орсон Азаад ямар нэгэн боломж, Баянаад ямар нэгэн эрсдэл байсан уу гэвэл байжээ. Азаа Баянаагийн мөнгийг өгөхгүй байж болно. Учир нь Азаа хэн нэгнийг залилаагүй, хулгай хийгээгүй, ямар нэгэн гэмт хэргийн аргаар тэр мөнгийг олоогүй учраас үнэхээр хүн чанаргүй л бол Баянаагийн мөнгийг өгөхгүй байж болно. Тэгэхээр Баянаад бас нэг өөр боломж бий. Алдаатай гүйлгээ хийсэн даруйдаа банкинд хандаж, банк Азаагийн дансыг түр царцаагаад /ямар нэгэн гүйлгээ хийх боломжгүй болгоно гэсэн үг/ шалгаж баталгаажуулсны эцэст Азаагийн данснаас буцаан таталт хийнэ.
Энэ үйлдэл нь нэг талаар банк хувь хүний нууцад халдаж байгаа хэрэг боловч үүнийг банкны хүмүүс үгүйсгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, банк алдаатай буруу гүйлгээний улмаас тухайн хэргийн эзнийг хохиролгүй болгохын тулд тэр дор нь гүйлгээ нь орсон дансны эзэнд хэлэлгүй буцаан таталт хийх тохиолдол мэр сэр гардаг байна. Гэнэт шалтгаангүй мөнгө орж ирэнгүүтээ буцаад гараад явчихдаг гэсэн үг. Зарлагын тайлбар нь “зээлийн үлдэгдэл” гэсэн байх жишээ ч бий. Дансанд орж гарсан, хорогдож, алга болсон гэх мэт мэдээлэл сошиалд цөөнгүй гарч байдгийг мэдэх тул энэ талаар нурших нь илүүц биз.
Энэ мэтээр бидний хамгийн эмзэг зүйл болсон санхүүтэй холбоотой элдэв янзын үйлдэл өдөр бүр тохиолдож байгаа хэдий ч иргэд тэр болгон анзааралгүй, эсвэл мэдэхгүй өнгөрөөдгөөсөө болж хэр их хэмжээний хохирол амсаад, эсвэл хэр их шар тосыг хэлээрээ түлхээд явж байгаагаа мэддэггүй. Зөвхөн дээр дурьдсан хоёр жишээ л гэхэд амьдралд ямар чухал нөлөөтэй болохыг бодолцож үзээрэй. Дуулсныг хураавал эрдэм мэдлэг болдог учиртай.
Иймд бид “мэдэхгүй” гэх мянган үгийн таглаагаа нээж, мэдлэггүй, мэргэжлийн бус ч мэддэг юм шиг амьдрах цаг болжээ. Энэ чинь мэдээллийн эрин шүү дээ.