Венесуэлийн Карабобо муж дахь Валенсиа хотноо цагдаагийн газарт гал түймэр гарч, 68 хүний аминд хүрсэн харамсалтай явдал тохиолоо. Лхагва гаригт хоригдлуудын гудаснууд шатаж эхэлснээр ийнхүү түймэр гарсан байна.
Ийнхүү гал гарч эхэлсэн тухай мэдээлэл гарсны дараа цагдаагийн газрын гадаа цугласан хоригдлуудын ар гэрийнхнийг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан байна. Улсын ерөнхий прокурор Тарек Саабын мэдэгдсэнээр галын нарийн шалтгааныг тодруулахаар мөрдлөг шалгалт эхлүүлсэн аж. Барилгад гарсан галыг унтрааж, бүрэн хяналтандаа авсан тухай мужийн ажилтан Жэсүс Сантандер хэвлэлийнхэнд ярьжээ.
Гэвч галын шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй байгаа гэнэ. “Una Ventana a la Libertad” буюу Эрх чөлөөний цонх холбооны зүгээс цагдаагийн ажилтны хөл рүү нэг хоригдол буудаж, улмаар гудаснууд шатаж, гал асар хурдан тархаж эхэлсэн хэмээн мэдэгдсэн байна.
Гал хурдацтай тархсан учраас аврагчид барилгын ханыг нурааж хүмүүсийг аврах гэж хичээжээ. Амиа алдагсдын ихэнх нь хоригдлууд байсан бөгөөд түймрийн өмнөхөн гаднаас ирсэн хоёр эмэгтэй мөн өртсөн байна. Хохирогчдын зарим нь галд өртсөн бол бусад нь угаартаж амиа алджээ. Албаны хүмүүс галын шалтгааныг нарийвчлан тогтоохоор ажиллаж байгаа аж.
Б.Болормаа