Он гарсаар нийслэлд халаасны хулгайн гэмт хэргийн шинжтэй 474 гомдол, мэдээлэл бүртгэгдэж шалгагдсанаас 85.4 хувийг гар утасны хулгайн гэмт хэрэг эзэлжээ. Нийслэлд гар утасны 6000 орчим худалдаачин байдаг бөгөөд тэдний талаас илүү нь хулгайн гар утас худалдан авч өөрчлөлт хийгээд, эргүүлэн зардаг сүлжээ болсныг албаныхан хэлж байна.
Нийслэлийн цагдаагийн газраас “Бүртгэл” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 50 гаруй этгээдүүдийг цуглуулан судалгаа авчээ. Улмаар дахин хулгайлах гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нөлөөллийн сургалт зохион байгуулжээ.
Сар орчмын өмнө Нийслэлийн цагдаагийн газраас гар утасны худалдаа эрхлэгч иргэдтэй уулзаж, хулгайн гэмт хэргээс хэрхэн сэргийлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ үеэр албаныхан “Тун удахгүй монголчууд гар утасны хулгайгүй, хулгайд алдлаа ч гэсэн түргэн шуурхай олдог болно” хэмээн хэлж байв. Тодруулбал, гар утасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн телефоны оператор компаниуд, цагдаагийн байгууллага хамтраад www.smartdevice.mn сайтыг тун удахгүй ажиллагаанд оруулах гэж байна.
Иргэд тус сайтад гар утасныхаа IMEI код, утасны дугаараа өөрийн нэр дээр бүртгүүлснээр хулгайд алдсан гар утсаа хурдан шуурхай олох боломж бүрдэнэ. Гар утсаа хулгайд алдсан тохиолдолд “алдагдсан” төлөвт шилжүүлэх юм.Хулгайч тухайн утсанд сим карт хийсэн тохиолдолд үүрэн холбооны операторт мэдээлэл очиж, оператор хэрэглэгчийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл таны нэр дээр бүртгэл бүхий гар утсыг өөр хүн ашиглах боломжгүй болно гэсэн үг. Нэг хүн өөрийн ашиглаж буй бүх ухаалаг утас, төхөөрөмжөө бүртгүүлэх боломжтой болно гэсэн билээ.